МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс 2019 онд эдийн засгийн их сорилтыг туулна
2018.11.16
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улс 2019 онд эдийн засгийн их сорилтыг туулна

МӨНГӨНИЙ БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?

Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх Төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэнэ.

Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизмд суурилан хэрэгждэг онцлогтой.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг Монголбанк боловсруулж, УИХ-аар батлуулдаг.

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.

2018 оны 9-р сарын 25-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

“Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг боловсруулахдаа

  1. Улсын секторын өрийн дарамтыг бууруулах,
  2. Гадаад төлбөрийн чадварыг сайжруулах
  3. Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх,  салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай.

Эдгээр сорилтыг даван туулахад  макро бодлогуудыг оновчтой хослуулан хэрэгжүүлэх шаардлага хэвээр байгааг харгалзан  боловсруулсан.”

“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”

        Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох бодлогын алхмууд хийх гэж байгаагаараа онцлог юм.

        Эдийн засгийн хүндрэл гүнзгийрсэн 2016 оноос хойш ихэнх салбар хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бэхжүүлж,  цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэж байна.

          Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой.

Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдах боломжтой гэж үзэж байна.

     Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа.

Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ. 

        Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

Биднийг хүлээж буй эрсдэл:

Эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн төлөв сайжирч байгаа хэдий ч Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дууссаны дараах 3-н жилд хүлээгдэж буй нилээдгүй хэмжээний гадаад өрийн эргэн төлөлтийн бэлтгэлийг одооноос хангах учиртай.

Зөвхөн Засгийн газрын томоохон төлбөрүүдийг авч үзвэл:

- 2016 оны Кредит свисс банкны 250 сая ам.долларын синдикат зээл болон 500 сая ам.долларын Мазаалай бонд 2021 онд хугацаа нь дуусна.

- 2012 оны 1 тэрбум ам.долларын Чингис бонд 2022 онд, Чингис болон Димсам бондуудыг дахин санхүүжүүлсэн 800 сая ам.долларын Гэрэгэ бонд болон МУХБ-ны 30 тэрбум иений Самурай бонд 2023 онд, Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлсэн 600 сая ам.долларын Хуралдай бондын төлбөр 2024 онд тус тус эргэн төлөгдөнө.

Дээрхи төлбөрөөс гадна ойрын жилүүдэд дотоодын арилжааны банкуудтай байгуулсан своп хэлцлээр авч ашигласан нийт 1,4 тэрбум ам.долларыг буцаах төлбөр тооцоо хийх хэрэгтэй болно. Эдгээр нь нийт монголчууд бидэнд амаргүй сорилтын он жилүүд ирж буйг дахин дахин сануулж байна.

Бидний гадаад нөхцөл байдал ямар байна вэ?:

Том гүрнүүдийн хоорондох худалдааны хязгаарлалтын бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад зах зээл дээр хүү өсч байгаа нь хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарахад нөлөөлж байна.

Энэ нь дэлхий нийтийн валютууд болон зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулрахад нөлөөллөө. Судалгаанаас харахад 142 орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад байгаа нь ханшийн дарамт улс орнуудын нийтлэг хүндрэл болохыг илтгэж байна.

Тухайлбал, уул уурхайгаас хамааралтай боловч илүү төрөлжилт өндөртэй эдийн засгууд болох Австрали, Чилийн үндэсний валютын ханш сүүлийн 9 сар гаруй хугацаанд 9% давж сулраад байна. Дэлхийн томоохон эдийн засгууд болох БНХАУ-ын юань 6%, ОХУ-ын рубль 13%, Энэтхэгийн рупигийн ханш 14%, Бразилийн риалын ханш 12%, Индонезийн рупигийн ханш 11%, Туркийн лирийн ханш 38%, Өмнөд Африкийн рандын ханш 16 хувиар тус тус сулараад байна.

2018 он гарснаас хойш улс орнууд эдийн засгийн гадаад тэнцлээ хангахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. 

Тухайлбал, ОХУ 2018 оны 2 дугаар сард бодлогын хүүгээ бууруулж байсан бол зөвхөн 7 сарын дараа буюу энэ 9 дүгээр сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн, Малайз энэ онд 0.25 нэгж хувиар, Индонез 1.5 нэгж хувиар, Филиппин 1.5 нэгж хувиар, Энэтхэг 0.5 нэгж хувиар, Турк 16 нэгж хувиар, Аргентин 32 нэгж хувиар бодлогын хүүгээ тус тус нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ хүндрэлийг тойрох боломжгүй юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

“АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөснөөр дэлхийн ихэнх орны мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байна. Монгол төгрөгийн хувьд ам.доллартай харьцах ханш суларсан ч юань, рублийн эсрэг чангарч байгаа. Одоогоор Монголбанк 3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын зургаан сарын импортын хэмжээтэй тэнцэх үзүүлэлт.”

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг УИХ-ын холбогдох байнгын хороодоос ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулагдан Монголбанктай хамтран хэд хэдэн удаа хуралдсан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр батлагдсан үндсэн чиглэлийн талаар багцлан хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

2019 оны мөнгөний бодлого нилээн сорилттой тулгарна. Их эрсдэл байна гэж ажлын хэсэг үзсэн.

1.    Мөнгө угаах терроризмтэй тэмцэж байгаа ажлаа идэвхтэй болгох шаардлага үүсч байгаа.

2.    Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга бол Алт худалдан авалт юм. 20 тонноор хязгаарлахгүй авах боломж бүрдсэн.

3.    Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлоготой уялдан хэрэгжиж байж бууруулах боломжтой.

4.    Чанаргүй активын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа.

5.    Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн шинэ нэр томьёо бий болсон. Энэ тал дээр Монголбанк түлхүү ажиллаж байгаа.

6.    СЗХ мөнгөний бодлогод шууд оролцохгүй ч эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нэн шаардлагатай байгаа юм.

Том гүрнүүдийн хооронд худалдааны дайн үүсч байна. 2020 оноос дэлхийн эдийн засагт хямрал үүсч мэдэх нөхцөл байна. 2021-2023 онд Монгол Улсын гадаад өрийн их төлөлтийн өдрүүд эхэлж байна. өмнө нь инфляцийг онилж байсан бол одоо ханшийг хавсран онилох шаардлага үүсч байна. Эдгээрийг мөнгөний бодлогодоо голлон тусгаж өгсөн.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ