МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өдөрт 10000 алхам” эрүүл мэндийн өдөрлөг боллоо
2018.11.12
Эрүүл мэнд

“Өдөрт 10000 алхам” эрүүл мэндийн өдөрлөг боллоо

 “Бүх нийтийн эрүүл мэндийг хамралт”-ыг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10000 АЛХАМ” эрүүл мэндийн өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны Бямба гарагт Богд Уулын Баруун ширээт аманд зохиогдлоо.

ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож, Улаанбаатар аялагч, Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхлаа.

Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа харамсалтай мэдээ бий. Энэ өвчин нь гол төлөв зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, ажил амралтаа тэнцвэржүүлэхгүй байх, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд тогтоогоод буй.

Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачилга, идэвх зүтгэл чухал юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг хэвшил тогтсон нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах, оролцоог хангах, зөв үлгэр дууриал үзүүлэх нэг чухал ажил болохыг сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ сайшаагаад цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийллээ.  

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица хэлэхдээ, Бүх нийтийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах зорилтыг Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт болгосон нь маш чухал бодлогын шийдвэр болсныг тэмдэглээд дэлхий дахинд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилт нь зөвхөн өвчин болон өвчтөнд суурилсан биш иргэд рүү хандсан, өөрөөр хэлбэр урьдчилан сэргийлэх, зүй зохистой мэдлэг түгээж хэрэгжүүлэхэд чиглэх болсныг онцоллоо.

2018 онд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсээс гаргасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын талаарх танилцуулгаас харахад Монгол улсын хүн амын нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт нь бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтой байгаа бөгөөд нөхөн үржихүй, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр маү сайн ахиц дэвшлийг гаргасан байна.

Харин халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналт, иргэдийн амьдралын буруу хэвшил, хотжилт болон орчны эрүүл мэнд, агаарын бохирдолтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа бөгөөд цаашид түлхүү анхаарах шаардлагатай байгааг онцолсон байна.

ШИНЭ МЭДЭЭ