2018.10.26
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Төслийн үр дүн, хариуцлага тооцох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Би асуулгадаа нийт гадаад дотоодын зээл тусламж болон төсвийн хөрөнгөөр байгуулагдсан төслийн нэгжүүдийн талаар мэдээлэл хүссэн. Гэтэл төсвийн хөрөнгөөр байгуулагдсан төслийн нэгжийн мэдээлэл алга байна. Мэдээллээ бүрэн авмаар байна. Сайны хажуугаар саар байгаа төсөл байгааг хэлж байна. Үүнийг анхаарч цаашид ажиллах шаардлагатай байна. Нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүс цалин авч ажиллаж байгаа бол илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. Цаашид төслийн нэгжүүдийг байгуулахдаа санхүүжилт, цалин хөлс, үр дүнг тооцох механизмтэй болох хэрэгтэй байна. БНСУ-ын 500 сая долларын зээл авах гээд 4-5 жил болж байна. Үр дүн байдаггүй. БНХАУ-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан. Тодорхой үр дүн гарч байгаа. Энэтхэгийн 1 тэрбум долларын зээлээр газрын тосны үйлдвэр байгуулж байна. Үр дүн гаргах тал дээр анхаарах ёстой.  Японоос 80 сая долларын зээл аваад 5700 төрлийн бараа татваргүй экспортлох эрхтэй. Гэтэл нэг ширхэг бараа ч гарахгүй байна. дэлхийн банкны төсөл уул уурхайн салбарт ажилласан. Зөвлөх үйлчилгээ гаднаас аваад өчнөөн мөнгө зарцуулаад өнөөх нь гараад явчихсан байх жишээтэй. Тэгэхээр эдгээр төслүүдийн үр дүнг тооцох, хэрхэн хариуцлагажуулах тал дээр Засгийн газар, Сангийн сайд анхаараарай гэж зөвлөмөөр байна.”

ШИНЭ МЭДЭЭ