Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 72.1 хувийг олборлох салбар эзэлж байна
2018.10.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 72.1 хувийг олборлох салбар эзэлж байна

Уул уурхайн салбар энэ оны 10 сарын 1-ний байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эхний есөн сарын байдлаар

33.5 сая тонн нүүрс

979.4 мянган тонн зэсийн баяжмал

14.4 тонн алт 

4,000 тонн молибден 

2.4 мянган тонн төмрийн хүдэр

5 сая баррель газрын тос үйлдвэрлэж, экспортод гаргажээ. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 12.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Уул уурхайн салбарын нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр мөн өссөн үзүүлэлт. Тэр дундаа нүүрсний экспорт 900 орчим тэрбум төгрөгт хүрсний салбарын сайд онцоллоо.

Экспортын орлогын гол хувийг эзэлдэг газрын тосны хувь 2018 онд 8.1 сая баррелийг боловсруулж улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төлвлөрүүлэхээр төлөвлөсөн бол аравдугаар сарын 1-ний байдлаар 5.12 сая баррель буюу 694 мянган тонн тос боловруулж, 176.46 тэрбум төгрөг оруулжээ.

Одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3,163 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

"Эрдэнэс Тавантолгой"-н IPO-д оролцогчдыг ирэх сард танилцуулна

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажил болон уулзалтууд хуваарийн дагуу шахуу бөгөөд үр дүнтэй явагдаж байгаа талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. IPO-д бэлдэх олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажил эд явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 15-н гэхэд танилцуулахаар зэхэж байгаа аж. Аравдугаар сарын дундуур Засгийн газар, УУХҮ болон компанийн удирдлагууд Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржүүд, хөрөнгө оруулалтын сангууд, банкуудын төлөөлөлтэй уулзсан байна. "Хөрөнгийн биржид гарах энэ ажлыг дотоодын компаниуд ч чадлаараа дэмжиж байгаа. Ирэх сард Австрали болон Лондон хотод болох уул уурхайн салбарын томоохон форумд оролцохоор бэлтгэж байна. Монголын өнөөгийн эдийн засаг өсөж, хууль, эрх зүйн орчин сайжирч байгаа талаар "Оюутолгой" компани танилцуулж, дэмжиж оролцохоо илэрхийлсэн байгаа

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил амжилттай боллоо. Бондын захиалга дөрвөн тэрбум доллараар орж ирсэн байсан. Монгол Улс хэрэгцээндээ тааруулаад 500 сая ам.долларыг авсан. Зээлжих зэрэглэлийн +В ангиллыг 2В болгон нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж багаагийн илрэл юм" хэмээн Д.Сумъяабазар сайд ярилаа. 

"Эрдэнэс Тавантолгой"-н төсөлд оролцох сонирхлоо Нью-Йорк, Лондон, Хонг Конгийн хөрөнгийн биржүүд илэрхийлээд байгаа

"Эрдэнэс Тавантолгой"-н төсөлд оролцох сонирхлоо Нью-Йорк, Лондон, Хонг Конгийн хөрөнгийн биржүүд илэрхийлээд байгааг мөн дурдсан. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд IPO хийхээр төлөвлөсөн тул бэлтгэл ажлын багт 15 чадварлаг залуу шахуу ажиллаж байгааг хэллээ. Энэ хүрээнд Засгийн газрын аравдугаар сарын 31-ний хуралдаанаар гурван замыг эхлүүлэхээр бэлэн болсон талаар танилцуулах юм байна. 

"Нүүрсний борлуулалт 42 сая тоннд хүрнэ"

УУХҮ-н сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав.

-Шатахууны үнэ ирэх арванхоёрдугаар сард дахин өсөх тухай ААН-үүд хэлж байна. Яамны зүгээс шатахууны үнийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөдөг тул би ч бас санаа зовж байгаа. Үнийн зөвлөл хуралдаж, ААН-үүдтэй уулзсан. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ харьцангуй бууж байна гэж харсан. УУХҮЯ бол бодлогын яам. Бид бодлого боловсруулж, шатахууны нөөц,  хангамж, үнийн урт хугацаанд тогтвортой байх бодлогыг боловсруулдаг. Онцгой албан татвар, гаалийн татвар, хөнгөлөлттэй холбоотой асуудлууд Сангийн яаманд харьяалагддаг. Тийм учраас богино хугацаанд зохицуулах эрх бидэнд байхгүй. 

-Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар "Роснефть" компанитай хэлэлцээр хийх тухай ярьсан байсан. Энэ хүрээнд шатахууны үнэ буурах боломж байна уу?

-"Роснефть" компанитай хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарсан. Бүх дэд захирал нь Ажлын хэсэгт багтсан. Манай талаас Үйлдвэр, худалдааны сайд байсан Х.Наранхүү зөвлөх Ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ том Ажлын хэсэг газрын тосны хайгуул, боловсруулалт, дамжуулах хоолой, нөөц болон шинэ нисэх онгоцны буудлын шатахууны нийлүүлэлт дээр хэрхэн хатмран ажиллах талаар ярьж байна. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудал Сингапурын зах зээлийн үнээр түлшээ авахаар болчихвол нислэгийн тийзний үнэ буурах суурь нөхцөл бүрдэнэ.

Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд гэрээ хэлцлүүд бэлэн болоод, ажлыг хурдан шуурхай явуулна

Нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Ерөнхий сайд энэ ажлыг ахлаад, үүрэг өгсөн. Ийм үйлдвэртэй болж байж үнийн өсөлтөөс эдийн засгаа хамгаалж, жилд тэрбумаар гарч байгаа валютын урсгалаас эхний ээлжинд 500 сая долларыг эх орондоо үлдээх боломж бүрдэх тул энэ бол стратегийн маш том төсөл. Цахилгаан станц, төмөр зам, авто зам гээд дэд бүтцийн гүйцэтгэл 50 хувьтай явж байна. Хуваарийн дагуу 2019 оны аравдугаар сард дуусах ёстой. Тэр үед үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дамжуулах хоолойн ажил зэрэг эхлэх учиртай. Ингэж шатахууны үнийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ.

Харин богино хугацаандаа төв банк, Сангийн яам үнийн зохицуулалт дээр анхаарах боломжтой.

-Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 42 сая тонноор тооцсон байсан. Хэр бодитой тоо гэж та бодож байна вэ. Энэ хэмжээнд хүргэж чадах уу?

-Хүргэнэ гэж бодож байгаа. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой"-нхонтой уулзаад явж байна. Өвөрмонголын Баяннуур аймгийнхан квотыг өсгөх хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд одоо гарч буй 1,500 машиныг 1,700-д хүргэхээр хичээж ажиллаж байна. Ингэснээр зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н экспорт 15 сая тоннд хүрнэ. Бүр 20 сая тоннд хүргэх төлөвлөгөөг шахаж байгаа. Энэ нь IPO хийхэд ч хэрэгтэй. Компанийн удирдлагуудтай яамны бодлогын мэргэжилтнүүд сууж төлөвлөгөө гаргаж байгаа.

42 сая тонн гэхээр хүмүүс эргэлзээд байх шиг байна. Би бол эргэлзэхгүй байгаа. Өвөрмонголын Баяннуурын удирдлагуудтай ярилцаад, зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-д зориулсан нэг гарц гаргахаар ярьж байгаа. Зорилгоо тавиад зүтгэх ёстой.

-Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон уу?

-Энэтхэгийн Экспорт, импортын банктай байгуулсан гэрээний хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Энэтхэгийн компанийн удирдлагууд ирж, ТЭЗҮ-гээ эцсийн байдлаар танилцуулна. Тэгээд Эрдэс баялгийн зөвлөлийг хуралдуулж, хүлээж авна.

-Төмөр зам юу болсон бол?

-Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдтай яриад Гашуунсухайтын төмөр замыг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар бэлдэж байна. Зүүнбаянгийн төмөр замыг зэрэг эхлүүлэхээр мөн төлөвлөж байгаа.

-Нарийнсухайтын төмөр замыг өчигдрийн Засгийн газрын хурлаар ярьсан байсан. 

-Царигийн асуудлыг шийдсэн байгаа. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг 1,435 мм буюу нарийн царигаар барихаар тохирсон. Энэ нь мухар төмөр зам бөгөөд зөвхөн ордоос хил рүү хүрэх экпортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Нарийнсухайтын бүлэг орд нь уул уурхайн салбарын экспортын 50 хувийг дангаараа гаргадаг том орд тул тэнд ажиллаж буй ААН-үүдийг дэмжих ёстой. Нүүрсний гол зах зээл БНХАУ учраас тэдний эрх ашгийг суулгаж өгвөл бидний борлуулалт урагштай, тасралтгүй явна гэсэн стратегитай байгаа.

-Уур уурхайгаас олсон орлого орон нутагт очихгүй, иргэд хүртэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ салбар орон нутгаа дэмжиж, боломжийг нь олгож, ойлголцохгүйгээр урагш явахгүй. Иргэдийн сонирхол, ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байр, амьжиргаанд чухал.

Гэтэл Дорнодын газрын тосны тээврлэлтийг зогсоох шийдвэрийг Иргэдийн хурал нь гаргасан явдалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Орон нутгийн удирдлагуудын улстөрчилт хэрээс хэтэрч байна гэж харж байгаа. Монгол Улс бол холбоотон улс биш, нэг л улс. Үндсэн хуульдаа захирагдаж, улсын гол бодлого явах ёстой.

Дачин тамсагт Дорнодын олон иргэн, орон нутгийн компаниуд олноороо ажилладаг юм билээ. БНХАУ-тай гэрээ хийж, хэрэгжүүлж байгаа ганц том төслийг ингэж гацааж байгаа нь хамтын ажиллагаанд сөрөг үр дагавартай. Эдийн засагт ямар их хор хохирол учруулж байгаагаа орон нутгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй. Төсөвт өдөрт л орох ёстой 770 сая төгрөгийг тасалдуулж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 

Иргэдэд бид буруу өгөхгүй. Тэдний шүүмжлэлийг хүлээн авч, дэмжиж байгаа. Харин орон нутгийн удирдлагууд хууль, дүрэм журмын хүрээнд байх ёстой.

-"Оюу толгой"-н далд уурхайд гарсан ослын талаар мэдээлэл өгөхгүй байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Оюу толгой" компани ослын талаарх мэдээллийг өгсөн. Бутлуурын хэсэгт гал гарсан. Тэнд ажиллаж байсан 504 хүнд ямар нэгэн хор, гэмтэл учруулахгүйгээр гаргасан. Австралиас мэргэжлийн экспертүүд ирж байгаа. Дүгнэлт гарахаар танилцуулна гэж байгаа. 

-Хотын даргыг солино гэсэн асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

-Улаанбаатар хот бол Монголын цөм, иргэдийн хамгийн олноор суурьшсан хот. Тиймээс хотын хөгжлийн асуудал иргэн бүртэй, эрх барьж буй намуудтай хамаатай. Хотын дарга ажлаа сайн хийж байвал юу хэлэх вэ. Хотынхоо ажлыг цаг наргүй хийх ёстой. Иргэдийн амьдрал ямар байгааг, дүүрэг, хороо, нэгж рүүгээ хүрч мэдэрч, амьд хотын дарга байвал би хотын даргын ажилтай ярихгүй. Харин ажлаа хийхгүй бол сонгууль дөхөхөөр асуудал улам хүндэрнэ. Ажлаа хийхгүй байгаа хүмүүсээс болж хийж байгаа нь хохирох ёсгүй.

-Хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх чиглэлээр ямар бодлого барьж байна вэ. "Оюу толгой" төслийг хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа. Тус компанид хийсэн шалгалт юу болсон бол?

-Уул уурхайн салбар ойрын 20-30 жилдээ эдийн засгийн тэргүүлэх салбар байх нь тодорхой. Энэ салбарт л гадаадынхан хөрөнгө оруулж байна. Бид "Оюу толгой"-н удирдлагуудтай ойлголцож, ярилцаж байгаа. УИХ-аас гарсан Ажлын хэсгийн дүгнэлтийг ойрын хугацаанд танилцуулахаар бэлтгэж байгаа юм билээ. Ордтой холбоотой, энэ гэрээтэй холлбоотой асуудал яригдана.

Энэ том төслийг олон улсын түвшинд зөв явуулахын тулд жин банг нь тааруулах ёстой. Засах зүйл байгаа юу гэвэл байгаа. Дэвшилттэй зүйл байгаа юу гэвэл байгаа. Энэ компани ААН-үүдийн эдийн засгийг дэмжээд, 16 мянган хүнийг ажлын байраар хангаж буй том уурхай. Төсөл зогсох байдал руу орвол хариуцлага хүлээх хүн байхгүй гэдгийг бид харсан. Бодлогын алдаанаас, салбар хариуцаж буй хүн үгээ бодолгүй ярьснаас Монгол Улс эдийн засгийн хямрал руу шууд гулсаж орсон. "Чалко"-гийн гэрээгээр нэг тонн нүүрс 70 ам.доллар байсныг буулгаж хаясан. Удирдаж байгаа хүмүүс ямар салбарт яаж хандах, ямар үг хэлэхээс хамаарч эдийн засгийн хямрал руу орсон. 

Ажлын хэсэг, салбарын яам энэ асуудалд болгоомжтой хандаж байгаа. Энэ нь муу зүйлийг нь дэмжих гээд байна гэсэн үг биш. Харин жижиг зүйлсээ засаад амжилтын төлөө урагшаа цаг хожоод явах ёстой. Тиймээс Ажлын хэсгийн гаргаж ирж байгаа дүгнэлт нь төслийг зогсоох дүгнэлт байхгүй байх гэж найдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ