Д.Сумъяабазар: Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнгээс болж сард 23 тэрбум төгрөг алдаж байна
2018.10.25
Улстөр

Д.Сумъяабазар: Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнгээс болж сард 23 тэрбум төгрөг алдаж байна

УУХҮЯ-аас зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сарын салбарын статистик мэдээллийг хүргэлээ. “2018 оны есдүгээр сарын байдлаар 339.5 сая тонн нүүрс, 979.4 мянган тонн зэсийн баяжмал, 14.4 тонн алт, дөрвөн мянган тонн молебдений баяжмал, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мянган тонн хайлуурын, 62.6 мянган тонн цайрын баяжмал, 5 сая гаруй газрын тос, 10.5 мянган тонн катодын зэсийг тус тус салбарын хэмжээнд олборлож экспортлоод байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр аж үйлдвэрийн талаарх 2018 оны эхний есөн сарын байдлын статистик мэдээллийг хүргэсэн юм. Үйлдвэрлэлийн хэмжээнд 12.2 их наяд төгрөгт хүрч өмөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнээс нүүрс олборлолт 858.5 тэрбум төгрөгт хүрсэн, металлын хүдрийн олборлолт 169.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхайн олборлох салбар эхний есөн сарын байдлаар 72.1 хувийг эзэлж байгааг мөн онцолж байлаа.

Харин экспортод орлого оруулдаг гол салбар болох газрын тосны салбарт Энэ чиглэлээр 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөгт хүрч улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаагаа дурдаад Энэ сарын 19-ны байдлаар 5.12 сая баррель буюу буюу 694 мянган тонн газрын тос олборлож төлөвлөгөө 63.19 хувьтай явж байна. Мөн 4.83 сая баррель буюу 850 мянган тонн экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс газрын тос 59.57 хувьтай байна. Улсын төсөвт энэ сарын 1-ний өдрийн байдлаар 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж, ажлын гүйцэтгэл 79 хувьтай байгаа ажээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Шатахууны үнийг бууруулахад ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ.  Роснефтьтэй хэлэлцээ хийсний дараа үнийг буулгах боломж бүрдэх үү?

-Шатахууны үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад Засгийн газрын зүгээс санаа зовж байгаа. Шатахууны үнийг богино хугацаанд бууруулах санхүүгийн боломж бидэнд байхгүй. ОХУ-ын Роснефть компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан.

Тус компанийн бүх захирал энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна. Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах, газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.

Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн. Ирэх сарын 15-ны дотор ажлыг хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой.

Уул уурхайн салбартай аймаг, орон нутгийн удирдлагуудын хувьд орон нутагт оруулах төсвийн асуудал дээр маргаан үүсгэх тохиолдол байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ?

-Ер нь уул уурхайн салбар орон нутгаа дэмжиж, ойлголцохгүйгээр урагшаа явахгүй. Орон нутгийн иргэдийн сонирхол, байгаль орчинтой холбоотой, ажлын байр,  амьжиргааны түвшин дээшлүүлэх зэрэг уул уурхайн салбарт цохилт болж ирдэг.

Түүний нэг нь Дорнод аймгийн газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг аймгийн ИТХ гаргасан. Энэ нь өөрөө хэтэрхий улстөржсөн шийдвэр гэж харж байна. Бид холбооны улс биш, нэгдмэл улс. Улсын орлого олох хэсгийг ингэж гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа.

БНХАУ-тай тогтвортой хөгжлийн гэрээ хийгээд л олон хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар болж байна. Энэ асуудал нь өөрөө нүүрсний экспорт, борлуулалттай шууд холбоотой. Тэгэхээр зарим хүмүүс улс оронд ямар хор хохиролтой зүйл хийж байгаагаа ойлгомоор байгаа юм. Ялангуяа орон нутгийн удирдлагууд. Хэмжээндээ, хуульдаа захирагдах хэрэгтэй.

Дорнод аймгийн удирдлагуудад төсвийн орлогыг тасалдуулж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсч байна. Яг өнөөдрийн байдлаар өдөрт 770 сая сард 23 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүсээд байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үүсч байна. Ийм асуудлыг санаатайгаар зогсоож, мөнгө нэхэж болохгүй. Уул уурхайн салбарт хүндрэл гаргаж байгаа нэг асуудал бол орон нутгийн удирдлагуудын улстөржилт байна.

Х.Соёл

ШИНЭ МЭДЭЭ