МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Царцанги байгаа урсгал зардлыг шууд тана гэх нь үндэслэлгүй
2018.10.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Царцанги байгаа урсгал зардлыг шууд тана гэх нь үндэслэлгүй

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хүүхдүүдийн 80 хувьд нь мөнгөн тэтгэмж олгох, хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хоёр хувилбарын санхүүгийн зөрүү нь хэд байх вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн байгаа. Гэвч төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байсан учир ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж зорилтот бүлэгт олгохоор болсон. Ингээд хүүхдүүдийн 60 хувьд олгож байсан ч өрхийн амьжиргааг дэмжих үүднээс 20 хувиар нэмж олгох чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн.

Энэ дагуу Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Мөн хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах, энэ талаар ОУВС-тай зөвшилцөл, хэлэлцээг үргэлжлүүлж хийх талаар УИХ-аас тогтоолын төслөөр чиглэл болгосон. Үүнийг хэрэгжүүлэхээр явж байна.

-Ирэх оны төсөвт хэдэн хувьд олгохоор тусгасан бэ?

-Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг тусгасан байгаа. УИХ-ын гишүүдийн санаачилснаар хүсэлт гаргасан хүүхэд болгонд тэтгэмж олгоё гэвэл хэдэн хүүхэд хүсэлт гаргахыг урьдчилан хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно гэвэл гишүүдийн тооцоолж буйгаас нэмэгдэх болов уу гэж бодож байна. Учир нь Монгол Улсад нийт нэг сая 140 мянга хүүхэд байна гэсэн статистик бий. 

Эдгээрийн 80 хувь нь 912 мянган хүүхэд болж байгаа. Үүн дээр хүсэлт гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно гэхээр нэг сая нэлээд гарах болов уу. 100 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байсан үеийн тоо баримтыг гишүүд зөрүүтэй ярьж байна. Өөрөөр хэлбэл, дунджаар 10-15 хувь нь авдаггүй байсан гэж байгаа. Яг судалгааг харвал нийт 5-6 хувь нь авдаггүй байсан юм билээ.

Ингэхээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох нь гишүүдийн ярьж байгаагаас илүү хувиар нэмэгдэхээр байна. Бас нэг болгоомжлол нь, мэдээлэл дутмагаас ямар бичиг баримт бүрдүүлж хэнд, хаана хандахаа мэдэхгүй хэсэг хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, зайлшгүй авах ёстой зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд авч чадахгүй үлдэх вий гэдгээс болгоомжилж байгаа.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байгаа. Тэгэхээр хэрэгжүүлэх нь тодорхой юм биш үү?

-УИХ-ын гишүүдийн санаачилсан тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Засгийн газрын хувьд дэмжих боломжгүй гэдэг хариу өгсөн. Яагаад вэ гэхээр гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөл нь Хууль, тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй. Материал нь бүрдээгүй зэрэг асуудалтай байгаа. Мөн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар нийт хүүхдийн 80 хувьд нь олгох 40 дүгээр тогтоолыг гаргахдаа ОУВС-тай зөвшилцлөө үргэлжлүүлж, хүүхдийн тоог нэмэх үүрэг өгсөн.

Хаврын гаргасан тогтоолтой утга агуулгын хувьд ижил тогтоолын төсөл өргөн барьсан байгаа юм. УИХ-аар хэлэлцэж баталсан хүчин төгөлдөр тогтоол байгаа учир дахин тогтоол гаргах шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн.

-Нөгөө талаар хүсэлт гаргаж тэтгэмж авна гэхээр иргэдэд нэлээд чирэгдэл болох байх?

-УИХ-аас хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өнгөрсөн хавраас есдүгээр сарыг хүртэл судалгаа авсан. Дүн эцэслэж гараагүй ч урьдчилсан байдлаар сая гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй, байна гэсэн тоо бий. Эндээс тэтгэмж авах хүүхдийн тоо нэмэгдэх хандлага байна гэж харж байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр ирэх онд хэдэн төгрөг төсөвт суулгаж байгаа вэ?

-Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамнаас маш олон асуудал оруулсан. Тухайлбал, цалин нэмэх эх үүсвэрүүдийг тусгаж байгаа. Бид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Үүнтэй холбоотой 267.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөвт тусгасан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр урьдчилан тооцоолсон. Тэтгэвэр нэмэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа.

Ер нь Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх зайлшгүй шаардлага байна. Эдийн засаг өсөлттэй байгаа учир бүтээн байгуулалт нэмэгдэж байна. Үүнийг дагаад мэргэжилтэй ажиллах хүч шаардагдаж байна. Тиймээс МСҮТ-үүдэд суралцаж байгаа сурагчдад ирэх жилийн нэгдүгээр сараас cap тутамд 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа.

Ер нь бид их, дээд сургуульд сурч байгаа оюутнууддаа төрийн сургалтын сангаас хүүгүй зээл авах боломж олгосон. Иймд МСҮТ-үүдэд суралцаж байгаа хүүхдүүддээ боломж олгож адил тэгш хандах ёстой гэдэг байр суурийг Засгийн газар баримталж байна. Чамлахаар чанга атга гэж нийгмийн хамгааллын зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг сайн тусгасан гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд өмнөх оноос арай бага байгаа ч зарим зуслан дахь усан спорт цогцолборын барилга болон зарим аймгуудад МСҮТ-ийн барилга шинээр барих гэх мэт зардал тусгаж байгаа.

-Амлалтаа биелүүлэх үүднээс хөрөнгө оруулалтыг нэмж байгаа гэж хэллээ. Үүнийг сонгуулийн өмнөх жилийн төсөв учир зарлага ихтэй төсөв болчхов уу гэж харж болохоор байна?

-Сонгуулийн өмнөх жил гээд хөрөнгө оруулалтыг огцом нэмсэн зүйл байхгүй. 2018 оны төсөвт ч энэ дайны хөрөнгө оруулалт тусгагдсан. Тухайн үед ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжээр хичээллэдгийг болиулъя гэж маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын бодлого үргэлжилж байна.

-Хөрөнгө оруулалт ярьж байгаатай холбоотойгоор асуухад гаднын зээл тусламжаар хэрэгжих хөрөнгө оруулалтыг зөвхөн Сангийн яаманд төвлөрүүлж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ?

-Засгийн газрын гишүүний хувьд дэмжиж байгаа. Хамгийн гол нь гаднын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн ихэнх нь зээл юм. Богино хугацаанд үр дүнтэй ашиглаж, төлөх ёстой. Тиймээс нэгдсэн менежментийг Сангийн яам хийх нь зөв.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас нэг яаманд хэрэгжүүлж байгаа төсөл удаашралтай, нөгөө нь эрчимтэй явж санхүүжилтийн дутагдал гарвал зохицуулах, менежмент хийх эрхийг Сангийн яаманд олгож байгаа. Иймд зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах хүрээнд зөв, зүйтэй арга хэмжээ юм.

-Ирэх оны төсвийн төсөлд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөрөнгө суулгаагүй, хүүхэд хамгааллын төсвийг бууруулсан, нийгмийн хамгаалал шаардлагатай хүүхдүүд болон бизнес эрхлэгчдээ орхигдуулсан төсвийн төсөл болсон гэж шүүмжилж байна?

-Ер нь шүүмжлэлгүй төсөв гэж байдаггүй. Гишүүн бүр өөрсдийн асуудлаа тусгах гэж өөр өөрийн өнцгөөс асуудалд ханддаг.  Энэ болгоноос хамаарч төсөвтэйхолбоотой асуудал, шүүмжлэл гарч ирдэг. Миний хувьд энэ жилийн төсвийн төслийг онцлог төсөв гэж бодож байна. Ялангуяа, Засгийн газар ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил гаруйн хугацаанд төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт бий болж байна.

Нэгэнт эдийн засгийн өсөлт бий болж, төсөв санхүүгийн боломж нэмэгдэж байгаа бол үүнийг ард иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлье гэсэн зарчим баримталж ирэх оны төсвийн төслийг боловсруулсан. Нийт найман шинэ арга хэмжээнд 723 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгаж байгаа. Энэ найман арга хэмжээ иргэдийн бодит орлого болж гар дээр нь очих юм. Тиймээс эдийн засгийн өсөлт, төсөв санхүүгийнхээ боломжийг иргэд рүүгээ чиглүүлэх зарчмыг баримталж боловсруулсан төсөл гэж бодож байна. Нөгөө талдаа жил бүр Засгийн газар хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэхтэй холбоотой санхүүжилт төсөвт тусгадаггүй.

Сайн, муу хэлүүлж ирсэн гадаадаас авч буй ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаа бүрдүүлж, арга хэмжээ явуулдаг. Харин Засгийн газраас энэ жилийн төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 20 тэрбум төгрөг тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэх чиглэлээр анх удаа 20 тэрбум төгрөг хуваарилж байна. Энэ бүхнээс авч үзэхэд дэвшилттэй, онцлог төсвийн төсөл болсон. Хүүхэд хамгааллын зардал, жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг бууруулсан гэсэн шүүмжлэл байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг заримыг нь дахин оруулах байх.

Ялангуяа, хүүхэд хамгаалалтай холбоотой хөрөнгө нэмэхэд буруудахгүй гэж бодож байна.Жижиг, дунд үйлдвэрт хөрөнгө тусгах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ өнгөрсөн жилийн хөрөнгийн үлдэгдэл бий. Хоёрдугаарт, өмнө нь жижиг, дунд үйлдвэрт олгосон санхүүжилтийн үр дүн бодитой бус байна гэдэг шүүмжлэл нөгөө талд байдаг. Үүнийг бид хаана хаанаа бодох ёстой.

-Жижиг, дунд үйлдвэрт олгосон зээлийн эргэн төлөлтийг ирэх онд орж ирэхгүй гэж байсан. Бизнес эрхлэгчдээ орхигдуулж байгаа юм биш үү?

-Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг 3-4 жилийн хугацаатай олгодог. Төслөө хэзээ авсан, байгуулсан гэрээний графикийнхаа дагуу эргэн төлдөг. 20-30 хувь нь ирэх онд орж ирнэ. Үлдсэн нь 2020, магадгүй нэг хэсэг нь 2021 онд орж ирэхээр байгаа. Тиймээс 100 хувь буцаж төлөгдөхгүй гэдэг нь бодит үнэн. Гэхдээ үр дүнг нь тодорхой хэмжээнд сайжруулах ёстой. Ер нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэвэл зээл хүссэн хүн бүрт олгох уу гэдгийг бодох хэрэгтэй. 

Боловсон хүчин болон байгалийн нөөц, баялагтаа тулгуурлаж бүс, орон нутагт ямар үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих вэ гэдэг бодлогоо гаргаж, тэр чиглэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зохицуулалт хиймээр байна. Бодлого байхгүй жижиг, дунд үйлдвэрлэл дорвитой хөгжиж чадахгүй байна. Тиймээс бодлогоо өөрчилье гэдэг зарчмын байр суурийг би байнга ярьдаг. Гэхдээ энэ жил Засгийн газар 21:100 хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд бүс, орон нутагт байгуулах жижиг, дунд үйлдвэрийн бодлого чиглэлийг тодорхойлсон. Үүнийг цааш нь дэмжих бодлого хэрэгтэй байна.

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж Хөдөө аж ахуйн яамны дэргэд байдаг. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан танай яамны харьяанд бий. Энэ хоёрын уялдаа холбоог хэрхэн хангах ёстой юм бол. Аль сан нь ямар төрлийн бизнес эрхлэгчдээ дэмжих талаар гишүүдийн дунд нэлээд маргаантай байгаа харагдсан?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа үндсэн арга. Энэ утгаараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн уялдаа холбоог маш сайн хангах ёстой. Ер нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өрхийн аж ахуй, хувиараа аж ахуй эрхэлж, нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд алийг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгааг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлэх вэ гэдгээ ялгаж зааглая гэж байгаа. Ажилчдынхаа тооноос хамаарах юм уу, борлуулалтын орлогоос хамаарах юм уу гэдгийг зааглах ёстой.

УИХ-аар хэлэлцэж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслөөр Хөдөлмөр эрхлэлтийг ч дэмжих сангийн хуулиар зохицуулагдаж байгаа бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрт хамааруулахаар байгаа. Би үүнийг “Болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилтээ олгодог байя” гэсэн. Тиймээс хоёр сангийнхаа зааг ялгааг маш тодорхой болгох хэрэгтэй.

-Ирэх оны төсвийн орлогыг өөдрөг буюу 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвлөсөн байсан. Засгийн газар эрсдэлээ хэрхэн тоо-цоолж байгаа вэ?

-Төсвийн төсөл боловсруулахдаа макро эдийн засаг, бодлогын болон хөгжлийн асуудалтай уялдуулдаг. Хэдэн төгрөг хуваарилж байгаа тухай асуудал биш юм. Хоёрдугаарт, хязгаарлагдмал төсвөөр хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал юм. Балансыг барихын тулд Засгийн газар дээрээ маш сайн ярьсан. Нэг хэсэг нь зардал хэт өндөр байна гэж байна. Нөгөө хэсэг нь орлогоо дутуу төлөвлөсөн гэж байна. Таны асуусанчлан 42 сая тонн нүүрс борлуулж чадах уу, үнийг 80 ам.доллар гэж байгаа нь өндөр юм биш үү зэрэг асуулт тавьж байгаа.

Энэ бүхэнд Засгийн газар Сангийн сайдын саналыг сонсож саналынх нь дагуу боломжтой гэж үзсэн учир дэмжсэн. Үүнийг УИХ хэлэлцэж дэмжих болов уу гэсэн бодолтой байна. Хамгийн гол нь урд хөрш рүү гарч байгаа автомашинд тавих хяналтыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Гаалийн дэд бүтцийн асуудал, хяналтыг сайжруулах шаардлагатай. Бүртгэлгүй нүүрс гарсан байна гэж Засгийн газрын хуралдаанаар ярьж байсан. Тэгэхээр гаалийн хяналт муу байна гэж харж байгаа. Энэ бүхнээ сайжруулбал орлого бүрдүүлэх боломж байна.

-Ерөнхийлөгч зардлаа хэмнэх боломжтой гэж байсан. Ийм боломж байгаа болов уу?

-Төсвийн үрэлгэн зардлыг бууруулахтай санал нэг байдаг. Гэхдээ үрэлгэн зардлаа бууруулж, урсгал зардлыг 10, 20 хувь тана гэж хэлэх амархан. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Миний хувьд урсгал зардлыг 10-20 хувь хэмнэх шийдвэр гаргаад хэрэгжих үндэслэлгүй гэж харж байна. Урсгал зардлыг нэмэхгүй олон жил нэг төвшинд барилаа. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалтай холбоотой асуудал, дотуур байрны хүүхдүүдийн хоол, унтдаг ор, хөнжил гудаст сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулалт хийгээгүй.

Иймд царцанги байгаа урсгал зардлыг шууд тана гэж хэлэх нь бодит бус, хэрэгжих үндэслэлгүй шийдвэр. Харин томоохон өөрчлөлт хийе гэвэл бүтцийн өөрчлөлт хийх эсвэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудлыг авч үзэх зэрэг томоохон бүтцийн өөрчлөлт хийвэл төсвийн хэмнэлт гарна. Автоматаар танаснаар иргэдэд төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүрэх асуудал байхгүй болно. Энэ талаас нь болгоомжтой хандах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ