Д.Сумъяабазар: Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавибал нүүрсний экспорт нэмэгдэнэ
2018.10.24
Зам, Тээвэр

Д.Сумъяабазар: Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавибал нүүрсний экспорт нэмэгдэнэ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дараах асуудлуудаар мэдээлэл хийсэн юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ гэлээ. 

Цаашид түүхий тосны найдвартай хангамж бий болгох чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийх, дамжуулах хоолойн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төслийн менежмэнтийн зөвлөх болон гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зэрэг чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

2022 онд ашиглалтад оруулах газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35, авто болон төмөр замын холбоос 3.7 км гүүр 50, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна. Үйлдвэрийн 110 кВ-ын цахилгаан  дамжуулах агаарын шугам, дэд станцын барилгын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавибал нүүрсний экспорт нэмэгдэнэ

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Иймээс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд “Нарийнсухайт-Шивээхүрэн” гэж нэмэх төсөл боловсруулан өргөн мэдүүлэхээр боллоо.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтай юм.

Компаниуд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа. Энэ дагуу ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэх юм.

Өнгөрсөн онд нэр бүхий 21 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж, тогтвортой хангасан. Хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  үзэж байна.

Б.Аз

ШИНЭ МЭДЭЭ