Олон үндэстний өлгий нутаг Ховдчууд язгуур урлагаа дээдэлж байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүн байрны оролцогчдод шагнал гардуулж байна
2018.10.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Олон үндэстний өлгий нутаг Ховдчууд язгуур урлагаа дээдэлж байна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Миний Ховд” язгуур урлагийн анхдугаар их наадам болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжлэгээр зохион байгуулагдсан уг наадамд Ховд аймгийн 16 сумаас нийтдээ 350 гаруй ардын авьяастан, язгуур урлагийн соёлын өв тээгчид оролцсон байна. Үүнээс 170 орчим оролцогч Ховд аймгаас ирж оролцсон бол үлдсэн нь Нийслэл хотоос оролцож, дэлхийд Монгол гэсэн нэрийг харуулдаг соёлын биет өвийнхөө давуу талыг илүү тод томруунаар харуулахыг зорьжээ.

Даяаршлын нөлөөгөөр залуу үеийнхэн гадны орны соёлын нөлөөнд хэт автаж, соёл, ёс заншлаа өвлөн суралцах идэвх, сонирхол, санал, санаачилга суларч буй өнөө үед монгол үндэстэн ястны унаган соёлоо хадгалах нэн тэргүүний шаардлага тулгарч буй. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт дэлхийн хаана ч байхгүй бий биелгээ, хоолойн содон эгшгийг харуулсан хөөмий зэрэг соёлын биет бус өвийг сурталчилж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажилд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

"Миний Ховд" наадамд оролцсон авъяаслаг Ховдчууд

Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд аймгийнхан олон төрлийн язгуур урлагийн өвийг тээгч ард түмэн юм. Тэд өв соёлоо хадгалан үлдээх тал дээр гэр бүл, ураг саднаараа анхаардаг. Тиймээс наадамд оролцож буй хүмүүсийн олонх нь гэр бүлээрээ ирж оролцсон байна. “Миний Ховд” язгуур урлагийн анхдугаар наадамд хамгийн балчир оролцогч нь 4 настай байсан бол ахмад нь 82 настай оролцогч байсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Миний Ховд" наадмын оролцогчдын хамт

Анхдугаар наадмын тэргүүн байранд Уяхан Замбуутивийг уяртал тууль хайлдаг Дуут сумынхан шалгарсан байна. Дэд байрыг хөсөг нүүдэл, хөг аялгуун үлэмж өв тээгч Булган сумынхан шалгарсан бол гутгаар байрын эзнээр Цаст Цамбагаравынхаа ивээл шүншигт оршиж, хуур цуураа уянгалуулагч Эрдэнэбүрэн сумынхан тодорсон байна.

Цаашид жил бүр уламжлагдан зохион байгуулах “Миний ховд” наадмын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Эх нутагтаа очсон юм шиг, ижий аавдаа золгосон юм шиг цээж бахархлаар, зүрх баяраар цохилж байна. Ихрийн сэтгэлтэй, эвсэг найртай, эгэлгүй авьяастай Ховд түмнээрээ бахархнам. Авьяас билэгт ард түмэндээ мэхийн ёслоё” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ