МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэр зүгээр л завгүй хүн
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2018.10.22
Улстөр

Тэр зүгээр л завгүй хүн

Сэтгүүлч миний хувьд Жадамбын Бат-Эрдэнэ гэх энэ эрхмийг 2000 онд Авто тээврийн газрын даргаар томилогдох үеэс эхлэн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, 2016 онд УИХ-ын гишүүн, 2017 онд Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан бүхий л цаг үед сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хийж байгаа ажлаа тайлагнаад ярилцчихдаг нээлттэй хүн гэдгийг мэдэх юм.

Зам тээврийн хөгжлийн яамны хурлын танхимд

Түүний хийх ажил хэзээд ундарч байдаг. Нэг эхлүүлсэн ажлаа чанартай дуусгаж, эцсийг нь харж чаддаг тууштай зантай. Тиймээс ч эхэнд онцолсон түүний үг сонирхол татсан нь аргагүй биз ээ.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар гишүүн болсон ч төрийн хариуцлагатай албыг олон жил хашиж ирсэн нь хэзээний танил болжээ.

2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон. Тухайн үед салбараа мэддэг, олон жил энэ салбартаа ажиллаж сайн мууг нь мэддэг болсон хүн томилогдож байгааг сайшаах гишүүн олон байсан.

Албаа аваад удаагүй ч хийж хэрэгжүүлсэн зүйлс нь нүднээ ил харагдаж, цаасан дээр цэгцрэн буусан нь хариуцлага, ур чадвар зэрэгцсэн төрийн түшээ гэдгийг нотлон харуулсан юм.

Түүний Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллах богино хугацаанд 
салбартаа хийсэн 10 гол ажлыг танилцуулья.

Нэг. ОЛОН ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХИЙВ.

Салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ойрын хугацаанд шийдвэрлэх, хэрэгжүүлэх, онцгой анхаарал хандуулж ажлаа төлөвлөх үр дүнтэй нэг арга хэлбэр нь салбарын удирдах ажилтны зөвлөгөөн юм. Харин энэ ажлыг сүүлийн жилүүдэд огт хийгдээгүй орхигдсон. Тухайлбал, авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2011 онд, иргэний нисэх, төмөр замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2013 онд тус тус хийгдсэнээс өдгөө 5-аас 7 жил болсон байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын санаачлагаар “Авто замын чанар-үр ашиг” сэдвээр авто замын салбарын, “Төмөр замын хөгжил”, “Төмөр замын салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдвээр төмөр замын салбарын, “Агаарын тээврийн либералчлал-Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” сэдвээр иргэний нисэхийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг тус тус хийж салбарын хамт олны санаа бодлыг сонсож тулгамдаж буй асуудал, ойрын хугацаанд хийх ажлаа хэлэлцэн тодорхойлсон. Салбарын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох зорилгоор сайдын тушаалаар төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Зам тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн

Хоёр. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ.

Автотээврийн тухай, Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулж үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд ихээхэн ахиц гарлаа. Тухайлбал, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

УИХ-ын дарга М.Энхболдод хуулийн төсөл өргөн барив.

Мөн Авто замын тухай хууль, Усан замын тухай хуулиас дагаж гарах дүрэм, журмуудын боловсруулалт хангалтгүй байсныг эрчимжүүлж нийт 12 дүрэм, журмыг батлан мөрдүүллээ.

Гурав. АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭВ.

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан ч биелэлт хангалтгүй, төрийн өмчийн МИАТ компанид давуу эрх олгосны улмаас гол чиглэлүүдэд өрсөлдөөнгүй болж тийзний үнэ өндөр болсон. Энэ байдлыг арилгаж иргэд, жуулчдын зорчин явах урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт нэмэлт оруулж УИХ-ын 2018.06.29-ний хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-ын 72 дугаар тогтоолоор батлууллаа. Юуны өмнө Сөүл, Бээжин чиглэлд үе шаттайгаар өрсөлдөөнийг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид ИНЕГ-ыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж зөвхөн хяналт, зохицуулалт хийх чиг үүргийг үе шаттайгаар үлдээх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийж Нисэх буудлуудын удирдах газрыг ИНЕГ-ын бүтэц дор бие даах хэлбэрээр зохион байгууллаа.

Дөрөв. ЗАМ, ГҮҮРИЙГ ТӨСӨВЛӨХӨӨС ЭХЛЭЭД АШИГЛАХ ЯВЦ ХҮРТЭЛ ЧАНАРЖУУЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫГ БҮРЭН ТЭМДЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ.

Улсын төсөв, гадаадын зээлээр жил бүр олон км авто замыг барьж байгаа ч төдийлөн чанарын шаардлага хангахгүй, хийж буй засвар үйлчилгээ чанаргүй байна. Иймд зам, гүүр төсөвлөх норм, нормативт өөрчлөлт оруулах, буруу алдаатай зураг төсөв хийсэн, технологийн горимын бус зам, гүүр барьсан, хянасан, баталгаажуулсан этгээдэд хатуу хариуцлага тооцдог үүрэг даалгаврыг өгч эрх зүйн үндсийг бий болгож эхлэв.

Манай Улсын автозамын сүлжээ, ялангуяа хатуу хучилттай авто зам жилээс жилд нэмэгдэж байгаа боловч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй байна. Иймээс улсын чанартай авто замыг бүрэн тэмдэгжүүлэх үүргийг салбарын удирдлагад өгсний үр дүнд олон жил хайхрамж хяналтгүй байсан тэмдэгжүүлэх ажил биелэлээ оллоо. Одоогийн байдлаар нийт 6200 ширхэг замын тэмдэг хийсэн бөгөөд урьдчилан хийсэн судалгааны дагуу замыг тэмдэгжүүлэх ажил эхлээд байна.

Тав. ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АНХААРАЛ ТАВИВ.

Монгол Улсын Засгийн газраас Польш, Чех, Унгар, Гүрж, Словак, Литва, Герман зэрэг улстай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан хэлэлцээрийн төслөө өгсөн боловч байгуулах ажил удаашралтай байв.

Иймд эдгээр улсын холбогдох байгууллагуудтай биечлэн уулзаж асуудлыг харилцан тохирох үүрэг чиглэл өгсөний үр дүнд удаашралтай зогсонги байсан асуудлууд шийдэгдэж эхлэв. Польш, Унгар, Литвийн талтай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг урьдчилан байдлаар тохиролцож Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд эдгээр улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахыг дэмжүүлээд байна. Мөн хэлэлцээр байгуулах хүртэл зарим улстай тухайлбал, Польш, Словак, Гүрж улсуудтай тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг урьдчилан солилцсоны үр дүнд манай тээвэрчид эдгээр улс руу тээвэр гүйцэтгэх бүрэн боломжтой боллоо.

Зургаа. ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨХ, ХӨРШ ОРНУУДТАЙ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ КОРИДОР НЭЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВИВ.

Ирээдүйд дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх, эдийн засгийн шинэ коридор бий болгох зорилгоор ОХУ, БНХАУ-тай төмөр замын шинэ гарц нээх бэлтгэл ажлыг хангах үүднээс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлж УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг барьж эхлэхээр тус тус нэмж тусгуулав.

Долоо. ОЛОН ЖИЛ ГАЦСАН САЛБАРЫН АЖЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭВ.

Гашуун сухайтын боомтын нүүрс тээвэрлэлтэд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг судалж үзээд нүүрсний тээвэрлэлтийг хилээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон авто замын ачаалал, осол зөрчлийг бууруулах, тээвэрлэгч жолооч нарын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Авто зогсоолын цогцолбор” төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. “Авто зогсоолын цогцолбор” төсөлд зориулж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Гашуунсухайт боомтоос 8 км-н зайд 43 га газар олгосон бөгөөд одоо төслийн ажил эхэлж байна.

Гашуунсухайтын нүүрсний тээвэрлэлттэй танилцлаа.

Мөн түүнчлэн Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газраар шийдвэрүүдийг гаргуулсан нь зогсонги байсан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд чухал түлхэц болсон болно. Ингэж Засгийн газраар шийдүүлэхдээ ирээдүйн Монгол Улсын төмөр замын сүлжээний өмчлөгч “Монголын төмөр зам” ТӨХК бусад хөрөнгө оруулагчтай хамтран эдгээр чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх юм.

БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газартай 2009 онд байгуулсан "Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар хооронд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг"-ийг 2018 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулж Тяньжин хотын Дунзян чөлөөт боомтын бүсэд хөнгөлөлттэй нөхцөлөөр газар эзэмшиж хамтарсан тээвэр, ложистикийн төв байгуулах эрхийг дахин баталгаажуулсан. Мөн олон жил шийдвэрлэж чадаагүй байсан энэ боомтод ложистикийн төслийг хөрөнгө оруулж хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулав.

Найм. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАВ.

Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй, цахилгаан автобус нэвтрүүлэх зорилгоор “МОН-30” загварын 2 ширхэг цахилгаан автобусыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр захиалан үйлдвэрлүүлэхээр шийдвэрлүүлсэний дагуу энэ 10 сард уг автобусыг хүлээн авлаа.

Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцдог нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд үе шаттайгаар шилжүүлэх, дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулж цаашид замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлүүллээ.

Ес. “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ӨӨРИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ДИЗЕЛЬ ТҮЛШИНД 1995-2015 ОНУУДАД НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН, УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тус нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-аас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөлтэй холбоотой материалыг бэлтгэсэн.

Арав. УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ КОНЦЕССИЙН ГЭРЭЭГЭЭР ӨГЧ ОЛОН УЛСЫН МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАВ. 

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концесс олгох асуудлыг хэд хэдэн удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргуулав. Уг төслийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ноогдох 49%-ийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК байгуулсан бөгөөд концессийн холбогдох гэрээ хэлцэл хийгдэж байна. Ингэж концесс олгосноор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг улс төрийн оролцоогүй олон улсын жишгийн дагуу мэргэжлийн туршлагатай баг хэрэгжүүлэх бөгөөд олон сая зээлийн эргэн төлөлтийг богино хугацаанд эргүүлэн олох, шинэ менежмент нэвтрэх нөхцөл бололцоогоор хангагдах юм.

Эдгээр ажил олон жил шийдлээ хүлээж байсан бол өнөөдөр Засгийн газар болон УИХ-ын түвшинд шийдвэрүүд гарч, ажлууд эхлээд байна. Энэ бол салбараа мэддэг, туршлага ур чадвартай сайд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн их ажил юм.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-ын үйл ажиллагаатай танилцав.

Тиймээс УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг салбарын мэргэжилтэнүүдээс эхлээд энгийн ажилчин нь хүртэл хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй хүн гэж ам уралдан хэлдэг юм билээ. Түүнийг сайдын албаа өгөхөөр УИХ-ын танхимд сууж байхад ч журмын нөхөд нь ажлаа өгч байгаад харамсаж байгаагаа хэлж байсан. Харин түүний халааг авсан шинэ сайдад тэрээр яамныхаа боловсон хүчний бодлогод гоц анхаарахыг нэн тэргүүнд захисан юм.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ