2018.10.22
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
"Алба хаах нөхцөл, цалин хангамжийг бууруулахгүй болсон"
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тушаалаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүс цэргийн албаа хаагаад тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэвэр тэтгэмжийг бууруулах хуулийг өнгөрсөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ баталсан. Үүнтэй холбоотой өмнө тэтгэвэрт гардаг байсан цэргийн албан хаагчийн тоо 3-5 дахин нэмэгдэхээр авдаг тэтгэвэр нь 30-70 мянгаар буурч үүнийг дагаад зардал өсч байсан. Үүний цаана чадварлаг албан хаагчид цэрэг, цагдаа, онцгой байдал, зэвсэгт хүчин, тагнуулаас гарах эрсдэл үүсч, цэргийн албаны бэлэн байдал, Монгол Улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн учраас энэ хуулийг төслийг санаачилсан. УИХ-ын гишүүд агуулга ач холбогдлыг ойлгож анхны хэлэлцүүлгээр баталлаа.
Алба хаах нөхцөл, цалин хангамжийг бууруулахгүй болсон тул цэргийн албан хаагчид илүү сэтгэл гаргаж, Монгол Улсынхаа төлөө зүтгээрэй гэж уриалж байна” гэлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан зэрэг гишүүн боловсруулж УИХ-д өргөн барьсан төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгасан байсан юм.