МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ
2018.10.19
Эдийн засаг, Худалдаа

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 16-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ийнхүү УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуультай нэгтгэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ