2018.10.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Даваасүрэн: Хүн амаа өсгөх гэж хүүхдийн мөнгө тараах нь сайн муу талтай

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

“100 хувь хавтгайруулж биш хүсэлт гаргасан хүүхдийн мөнгийг өгөхийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгө хүн амын өсөлтийг дэмжиж байна гэдэг ч ажил орлоготой болгож хүн амаа өсгөх үү? Амь зуух арга хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох уу гэдэг асуудал байна. 13 жил хүүхдийн мөнгө өглөө. Ингэж хавтгайруулаагүйсан бол 4 тэрбумын өртөгтэй томоохон үйлдвэрүүд барьж аав ээж нарыг ажилтай болгосон бол хамаагүй ашигтай үр дүнтэй байх байлаа. Бид энэ мөнгөөр улс төр хийгээд байна. Харин улс төрийн намууд хоорондоо зөвшилцөөд орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа бүтээн байгуулалтын салбартаа хийж, ажилгүйдлийг бууруулж, ядуурлаасаа гарах хэрэгтэй байна.”

Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Монгол төрийн бодлого байхгүйгээс болж бүх асуудал урагшаа хойшоо савчаад байна. Бодлоготой болж байж энэ халамжийн асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр нийгмийн халамжийн салбарт 650 тэрбум төгрөгийн зарцуулж байна. 1 сая орчим иргэн үүнээс хүртэж байна. Ингээд байхад яагаад ядуурлаас гарахгүй, ажилгүйдэл буурахгүй байна вэ гэдгийн шалтгааныг олох хэрэгтэй. 200 орчим тэрбум нь зөвхөн хүүхдэд зарцуулагддаг. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Тиймээс энэ талын халамжаа нэмэгдүүлж дэмжих ньзөв гэж үзэж байна.”

 

 

ШИНЭ МЭДЭЭ