Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төслөөр Зэвсэгт хүчний салбарын ажилтантай холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.
Хуулийн төслийг НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.
Тус байнгын хорооноос уг хуулийн төсийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авлаа.
Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь зүйтэй гэж үзлээ.