2018.10.10
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Өнөөдөр НББСШУБХ-ны хуралдаан болж өнгөрлөө. Хуралаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Өнгөрсөн намрын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тухайн иргэний нийгмийн даатгал төлсөн сүүлийн 7 жилийн цалингаас тооцож олгохоор болсон. Харин цагийн хязгааргүй, байнгын бэлэн байдалд, сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хааж байгаа цэргийн албан хаагч нарт хүндрэлтэй байгаа аж. Хуулийн төслийг танилцуулах үеэрээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр, Энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр 1 сард 30-35 мянган төгрөгөөр, оффицерийн тэтгэвэр 50-70 мянган төгрөгөөр, ахлах оффицерийн тэтгэвэр 15-35 мянган төгрөгөөр буурахаар тооцоо гарчээ. Үүнтэй холбоотойгоор хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан албан хаагчдын тоо эрс нэмэгдсэн байна. Үүнийг дагаад тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмж авах албан хаагчдын тоо эрс нэмэгдэж төсөвт хүндрэл учруулахаар байгааг хэллээ. 

Тиймээс  УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан байна. Өнөөдрийн хуралдаанаар НББСШУБХ-ны гишүүд хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ