Д.Сумъяабазар: Намын шинэчлэлийг яаралтай эхлүүлнэ
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар
2018.09.24
Улстөр

Д.Сумъяабазар: Намын шинэчлэлийг яаралтай эхлүүлнэ

Нийслэлийн МАН-ын Бага хурал өчигдөр /2018.09.21/ 09.00 цагт эхэлж, өнөөдөр үүрээр 05.30 цагт өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар нийслэлийн намын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бага хуралд оролцогчдын олонх буюу 50,6 хувийн саналаар сонгогдов.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Хотын дарга С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлснээр ийнхүү нийслэлийн МАН шинэ даргатай боллоо. Бага хурлын гишүүд энэ удаагийн сонгуулиар намдаа шинэ салхи оруулах, 60 тэрбумаас ангижрах алхам боллоо хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд нийслэлийн МАН-ын шинэ дарга Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Намаа шинэчлэх, өөрчлөлт оруулна гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Ажлаа юунаас эхлэх вэ?

-2016 оны улс төрийн намын сонгуулийн үр дүнгээс хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэж өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит 34-р Бага хурлаа хийж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар миний бие сонгогдлоо. Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар явагдлаа. Хийх ажил маш их байгаа. Ялангуяа  намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжид улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана.

-Нийслэлийн намын хороо хэдэн дэд дарга, тэргүүлэгчтэй байх вэ. Намаа удирдах бүтцээ яаж харж байна вэ?

-Намын дүрмийн дагуу нийслэлийн намын хорооны тэргүүлэгч 13-15 хооронд байдаг. Есөн дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай. Дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мөн тэргүүлэгч, тэр дундаа сонгогдсон УИХ-ын гишүүд зэрэг МАН-ын тэргүүний, чадварлаг залуусаар багаа бүрдүүлнэ. Мэдээж, улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас дараа дараагийн зохих ёстой арга хэмжээ авч, эрс шинэчлэлийг шинэ түвшинд гаргах ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Бид иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлого нэн тэргүүнд явна. Намын анхан шат, үүрт тулгарч байгаа асуудлуудыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гаргаж шийдэж ажиллах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хороо, үүрээс эхлүүлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөгөөр шахаж ажиллана гэдгээ амласан. Хийсэн, хийх гэж байгаа ажлын төлөвлөгөөг гаргаж, шахаж ажиллах ёстой гэж үзэж байна. Мэдээж бид нийслэлчүүддээ амласан зайлшгүй хийх ёстой.

Таныг гурван давхар дээлтэй болох нь гэх хүмүүс байна. Цаг, заваа хэрхэн зохицуулж ажиллах вэ?

-Давхар дээл гэдэг нь Монгол хүний бэлгэшээлд хэр зохистой байдаг юм бол доо. Ажлын ачаалал зохицуулахыг ганц бие хүн хийхгүй. УИХ, Засгийн газрын гишүүн, нийслэлийн намын бодлого тодорхойлно гэдэг нь цэвэр улс төрийн бодлого учраас есөн дүүргийн оролцоог хангасан, нийслэлийн төлөөлөгч гишүүд, намын гишүүдийн жигд оролцоог хангасан, аль нэг бүлэглэлийн шинжтэй биш цэвэр улс төрийн, иргэд рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хүчирхэг залуус бий. Гол нь тэднийг бодлогоор дэмжиж, яаралтай ажилд нь оруулах ёстой. Энэ бол дан давхар гэхээс илүүтэй, зөв зохион байгуулалтад оруулж зөв бодлогоор дэмжээд өгөхөд мэргэжлийн хүмүүс нь гүйцэтгээд явах ажил. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хийж байгаа ажлыг бодлогын түвшинд асуудлаа гаргаж ирээд мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгэж байх жишээтэй. IPO гаргах, хөрөнгө босгох ажил маш амжилттай үргэлжилж байна. Мэргэжлийн, чаддаг хүмүүсийг байранд нь тавьж, шахаж ажиллах ёстой гэж бодож байна.

-Нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчид бүгд намын хорооны гишүүд болсон. Энэ нь хэр зохистой вэ гэх хүмүүс байна. Мөн намын гишүүдийн татвар нэмэгдэж магадгүй гэсэн яриа Бага хурлын төлөөлөгчдийн дунд байна?

-Анхан шатны байгууллагаас улс төрийн нам, намын байгууллагын оролцоог хангана гэдэг нь зөв зүйл. Анхан шатанд нам, дүүрэг, хороодын амьдрал ямар байгааг бодит байдлаар шийдвэр гаргах түвшинд нь бодлогыг боловсруулж, бодлогын дэмжлэг үзүүлэх давуу талыг бий болгож ажиллана. Мэдээж орлогын нөхцөл байдал харилцан адилгүй ажил. Тиймээс уян хатан байдлаар зохицуулах нөхцөлийг бий болгох ёстой. Бид хүн төвтэй нам байх, хүн рүүгээ чиглэсэн нам байхыг эрхэмлэх учиртай.

Ш.ЧИМЭГ

ШИНЭ МЭДЭЭ