Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих талаар асуулга тавилаа
2018.09.13
Эдийн засаг, Худалдаа

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих талаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 11-нд Ерөнхий сайдад асуулга тавьжээ. 

2016 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, сумдад 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, сумдад 90 хуиар хөнгөлөх заалтыг тусгаж өгсөн ч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа аж. Тухайлбал, Ховд аймагт бүртгэлтэй 1848 татвар төлөгч аж ахуйн нэгжээс ердөө 13 нь татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан гэсэн мэдээ байна. 

Мөн манай улсаас экспортол буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 9300 төрлийн бараанд тэдгээр улсын гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болсон ч энэ бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаад баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан дараах асуулгыг тавьжээ. 

1. 

Бүс нутгийн хөгжлийг татварын хөнгөлөлтөөр дэмжих зорилгоор 2016 онд батлагдан одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгж 50-иас 90 хувийн татварын хөнгөлөлт эдэлсэн, энэ нь нийт дүнгээрээ хэдэн төгрөгт хүрсэн талаар

2. 

Дээрх хуулийг олон нийтэд таниулах, иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангийн талаар

3. 

Манай улсаас экспортолж буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой 7200 төрлийн бараанаас өнгөрсөн хугацаанд хэдийн хэмжээний экспортын бараа хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн тухай

4.

Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой 9300 төрлийн бараанаас хэдэн төрлийн бараа экспортод гарч, ямар хэмжээний тарифын хөнгөлөлт эдэлсэн талаар

5.

Хөрш орнууд болох БНХАУ, ОХУ болон БНСУ, Хойд Америк, Ази-Номхон далайн, Арабын орнуудын зах зээл рүү гаалийн татваргүй буюу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийн хүрээнд Засгийн газар, Гадаад харилцааны яамны, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газраас хийж буй ажлын талаарх тодорхой мэдээлэл боловсруулж ирүүлнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ