Д.Сумъяабазар: АН-ын гаргасан саналыг судалж, намрын чуулганаар танилцуулна
2018.07.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: АН-ын гаргасан саналыг судалж, намрын чуулганаар танилцуулна

“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”' тогтоолын төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазараас тодрууллаа.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг батлан шийдвэрлэлээ. Засгийн газар ажлаа хаанаас эхлэх вэ?

-Олон жил ярьсан Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын чиглэлээ УИХ-аас авч, Засгийн газар ажлаа эхлүүлэх гэж байна. Дараа нь Засгийн газар тогтоолуудаа эцсийн байдлаар хэлэлцэж, нэлээд өргөн хүрээний Ажлын хэсэг байгуулах ёстой. Ялангуяа, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг голлох яамдаас Ажлын хэсгийг өргөтгөж гаргана.

Тавантолгойн бүлэг ордод олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, IPO хийх ажил эхэлж байна гэж ойлгож болно. Ер нь 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа эхлүүлж, УИХ-д танилцуулах, шаардлагатай бол намрын чуулганаар мэдээлэл сонсгож, явцын талаар мэдээлэх зохицуулалт хийх замаар ажил үргэлжилнэ. Ер нь бид богино хугацаанд энэ ажлыг хийж эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулж байгаа.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж, дотоодын улс төрийн нөхцөл байдал боломжтой байна. Мөн сая асуулга явуулахад 20 гаруй мянган иргэд оролцсоноос 94 хувь нь Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг дэмжсэн байгаа. Маш их хүлээлттэй байна.Бид цаг алдалгүй ажлаа эхлүүлэх ёстой. Төмөр зам, авто замын ажлаа эхлүүлэх ёстой. Гаднын аж ахуйн нэгжтэй дэд бүтцийн дагалдах төслүүдийнхээ гэрээ хэлцлийг хийж, авто зам, төмөр замын төслүүдийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Ингэснээр хөдөлмөрийн зах зээл дээр ойролцоогоор 32 орчим ажлын байр бий болгоно. Үүнд туслан гүйцэтгэгч, гэрээлэгч зэрэг шууд болон шууд бус байдлаар эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлнэ. Ер нь энэ бүлэг орд эдийн засгийн эргэлтэд орсноор бидэнд үзүүлэх хамгийн том нөлөөлөл нь ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил юм.

-Эхлээд IPO гаргах ажлыг эхлүүлэх ёстой. Ямар хөрөнгийн биржээр арилжаалах вэ?

-Бид гаднын хөрөнгийн биржээс санал авах ёстой. Хонконгийн, Нью-Йоркийн, Шанхайн хөрөнгийн бирж бидэнд ямар санал өгөх вэ. Түүнчлэн олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банктай хэлцэлд орох, гэрээ хийж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн биржийг судлах, бодитоор ямар үнэлгээ хийж, гаднын болон дотоодын техникийн болон хуулийн зөвлөхүүдтэй хамтарч энэ бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Засгийн газар УИХ-аас маш хариуцлагатай ажлыг хүлээн авч байна. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө мэр төртэй гүйцэтгэх шаардлага гарч байгаа.

-Хөрөнгийн биржийг сонгох эхний тооцоолол гарсан уу?

-Дэлхийн зах зээлд Лондон, Хонконг, Нью-Йорк, Токио, Торонтогийн хөрөнгийн бирж дээр онлайн холбоотой байдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа вэ гэдгийг бид бодолцох ёстой.

Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босож байсан түүх бий. Хонконгийн бирж дээр ч манай улсын маш олон аж ахуйн нэгж гарч, үйл ажиллагаа явуулж байгаа түүх байгаа. Энэ утгаараа бидний харж буйгаар Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь бидэнд илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцөлийг тавих боломжтой гэдгийг олон улсын зөвлөхүүдтэй эхний байдлаар ярилцаж байна. Ер нь уул уурхайн салбарт орж байгаа 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь бусад салбараа дэмждэг гэдгийг хэлмээр байна. Уул уурхайн салбар гэдэг бусад салбараа дэмждэг ийм онцлог салбар юм.

-Ордын үнэлгээг дахин хийнэ гэсэн. 30 хувийг үнэлэх ажил хэзээ эхлэх вэ?

-Ордын үнэлгээг 2011 онд Норвист хийсэн үнэлгээгээр одоо явж байна. Цаашдаа өсөх боломжтой нөхцөлүүд үүсч эхэлнэ. Үүнийг Засгийн газрын шийдвэр гарсны дараа нарийвчилж, олон нийтэд мэдээлнэ.

-“Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийн асуудал дээр гишүүд эсэргүүцэж байсан. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-“Эрдэнэс Монгол” гэдэг стратегийн 16 ордын нэгдэл, цаашлаад 39 ордын асуудал яригдах ёстой. Энэ компани нь Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Тиймээс дараагийн хийх ажлын томоохон хэсэг байх нь зайлшгүй. УИХ-ын гишүүд ч сайн судлах ёстой. Бид тооцоо судалгааны үндсэн дээр дахин танилцуулга хийх ёстой. Ер нь орд тус бүрээр нь үнэлэх асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байгаа нь үнэний ортой. Тиймээс АН-ын гаргасан саналыг судалж, намрын чуулганаар танилцуулна.

Шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх зорилго тавьж байна.Зарчмын хувьд Засгийн газрын оруулж байгаа санал дээр бид байр сууриа илэрхийлэх, зарчмын зөрүүтэй саналыг хураалгаж, хоорондоо ярилцаж УИХ-д оруулсан. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хүлээж авсангүй. Цаашлаад энэ асуудал намын бүлэг гэхээс, илүү улс орны эрх ашиг учир намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулах ажлыг АН-ын гишүүдтэй хамтарч хийх гарц нь нээлттэй байгаа

ШИНЭ МЭДЭЭ