“Захчин дуу хуур”-ын наадам болж байна
2018.06.12
Орон нутгийн хөгжил

“Захчин дуу хуур”-ын наадам болж байна

Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачлан энэхүү наадмыг гурвантаа зохион байгуулж байсан. Мөн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Ихэлийн эгшиг” морин хуурын наадмыг арван удаа зохино байгуулж байсан түүхтэй. Энэхүү уламжлалыг таслахгүй үргэлжлүүлэх үүднээс Захчин түмний урлаг соёлын наадмыг зохион байгуулж баруун монголчуудын бие биелгээ, урт богинын дуу, ерөөл магтаал зэрэг сайхан уламжлалыг хадгалж, өв соёлыг үр хойчдоо үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс Сандаг сан, Ховд аймгийн Манхан сумын ЗДТГ-тай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна”  гэж онцолжээ.

Наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож байна. Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр явуулж байна.

Дашрамд, баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 ястантай. Тиймээс олон ястны өлгий нутаг гэдгээ. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлж байгаа бөгөөд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин ястнууд аж төрөн амьдарч байна.

ШИНЭ МЭДЭЭ