Д.Сумъяабазар: Засгийн газрын байр суурийг хамгаалн
2018.06.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Засгийн газрын байр суурийг хамгаалн

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас “Оюутолгой” –той холбоотой асуудлаар цөөн асуултад хариулт авлаа. 

-“Оюутолгой” ХХК-ийн татварын асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ. Цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Засгийн газрын зүгээс Оюутолгойн татварын асуудалд өөр өөрийнхөө шийдвэр, байр суурийг хамгаалж байгаа. Ер нь татвар, санхүүгийн ажлаас болж улс орон, аж ахуйн нэгжүүд хохирол амсдаг. Тиймээс бид Монгол Улс, Засгийн газрын байр суурийг хамгаалж явна.  Бид өнөөдөр төслөө амжилттай хэрэгжүүлж байна гэдэг нэрийдлээр нүдэн  балай, чихэн  дүлий явж болохгүй. 

-Ажлын хэсгүүд байгуулагдсан. Ямар шийдэл байгаа юу?

-Ажлын хэсгүүд хуралдаад зохих ёсны хувилбаруудаа гаргаад явж байгаа. Энэ сарын сүүлээр гэхэд  Оюутолгойн  асуудал тодорхой болно. 

-Олон нийтийн зүгээс “Оюутолгой” компанийн ТУЗ-д байгаа хүмүүс хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Оюутолгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс нь Монгол талын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд. Төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтлах нь хамгийн зөв гэж бодож байгаа. Түүнээс биш салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялдаж өгдөггүй ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюутолгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. 

-Цахилгаан станц барих ажил хэр явж байна  вэ?

-Цахилгаан станцыг компанийн­хан өөрсдөө барих бүрэн боломжтой гэдгээ хэлсэн. Одоогийн төсөвт өртөг нь 750 сая ам.доллар. Цаашдаа бага хэмжээгээр өсч магадгүй. “Оюутолгой” компанийн зүгээс цахилгаан станцыг өөрсдийн байршилд барих сонирхолтой юм. Үүнийг Засгийн газар хооронд ярилцаж байж шийдвэр гаргана. Цахилгаан станцын хөрөнгө санхүүг “Оюутолгой” компани гаргах ёстой. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нүүрсээ цаг тухайд нь нийлүүлээд явах боломжтой гэж хараад байгаа юм. 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч) 

ШИНЭ МЭДЭЭ