Монгол-Германы парламентын бүлгийн гишүүд Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн даргатай уулзлаа
2018.05.25
Гадаад харилцаа

Монгол-Германы парламентын бүлгийн гишүүд Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн даргатай уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.05.25) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дарга, ноён Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ноён М.Грундыг ХБНГУ-ын Бундестагийн гишүүнээр дахин сонгогдсонд болон холбооны Засгийн газраа амжилттай байгуулсанд баяр хүргээд, Бундестагийн урилгаар 2017 онд тус улсад айлчилсан Монголын парламентын бүлгийн гишүүдийг найрсагаар угтан авч, ажил хэргийн тухтай орчин бүрдүүлж байсанд дахин талархал илэрхийлэв. 

Талууд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, тухайлбал бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж, Дарханы дулааны станцын санхүүжилтын асуудал болон эртний түүхт Хархорин хотын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Европын холбоонд Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, Д.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Б.Ундармаа , Германы талаас Монгол улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Петр Шаллер, тус улсын бизнес эрхлэгчид болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

ШИНЭ МЭДЭЭ