Б.Саранчимэг гишүүн “Ногоон бэрс” шатрын клуб дахин нээлээ
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубыг нээлээ. Энэхүү арга хэмжээнд Монголын Шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов. Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 128 дугаар цэцэрлэгийн багачууддаа оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өглөө.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ үеэр хэлэхдээ “Баянзүрх дүүргээс оюуны спортын олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс багаас нь хүүхдүүдээ бэлтгэж, тив дэлхийд нэрээ гаргасан олон шилдэг тамирчидтай болоход хувь нэмэрээ оруулж шатрын клубуудыг нээж байгаа . Азийн аварга, Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд зургаан настайгаасаа хүүхдүүд оролцож эхэлдэг учраас тэднийг цэцэрлэгт байхаас нь сайтар бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.
Харин Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунгэрэл “Ногоон бэрс” шатрын клуб байгуулах хүсэлтийг Б.Саранчимэгт тавьсныг шуурхай хүлээн авч, шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Хүүхдүүд шатар тоглох дуртай байдаг. Тиймээс “Ногоон бэрс” клуб байгуулагдснаар манай цэцэрлэгийн хүүхдүүдэд сурч мэдэх, өсч дэвжих улам илүү боломж нээгдэж байна” гэлээ.
Б.Саранчимэг гишүүн шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 97 сургуульд “Ногоог бэрс” шатрын клубээ нээсэн юм. Ийнхүү “Ногоон бэрс” шатрын клубын тоо нэмэгдсээр байна.