УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг нар “Дон боско” МСҮТ-д ажиллалаа
2018.05.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг нар “Дон боско” МСҮТ-д ажиллалаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  “Дон Боско” МСҮТ-д ажиллалаа.

Дэлхийн 123 улс оронд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дон Боско” МСҮТ нь манай улсад 2001 онд байгуулагдсан бөгөөд хориод жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ,өнөөдөр мэргэжлийн боловсролын зургаан төрлөөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна.

Оёдолчин, барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, автомашины засварчин, барилгын сантехникч, нарийн бичгийн дарга гэсэн мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлддэг “Дон Боско”-г төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг байна.

Гэвч өнгөрсөн жилүүдэд МСҮТ-д элсэгчдийн тоо буурсан “шуурга” эднийхийг ч мөн дайрчээ. Хүүхэд бүр дээд боловсролыг чухалчилдаг болсон, МСҮТ-д улсаас өгдөг тэтгэлэг зогссон зэргээс энэ асуудал үүссэн гэж багш нар ажлын хэсгийнхэнд тайлбарласан юм. Тэд МСҮТ-д элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин болохын ач тусыг хүүхдүүдэд ойлгуулах болон улсын төсвөөс МСҮТ-д суралцагчидад улсаас өгдөг байсан тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох зэрэгт төрөөс бодлогоор дэмжиж өгөхийг ажлын хэсгийнхэнд уламжилсан юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ “МСҮТ-ийн материаллаг бааз сургалтын орчин илт сайжирч, зарим МСҮТ-ийн тоног төхөөрөмж дээр их дээд сургуулийн оюутанууд очиж дадлага хийдэг болсон байна. МСҮТ-ийг сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх улмаар мэргэжилтэй боловсон хүчин олноор бэлтгэн гаргахын тулд МСҮТ-ийн үйл ажиллагаа давуу талыг олон нийт тэр дундаа ЕБС төгсөгчдөд ойлгуулах, таниулах тал дээр ажиллах, МСҮТ-ийн удирдлага багш нарын чуулган зохион байгуулж, зөвлөмж гаргах болон МСҮТ төгсөөд амжилттай ажиллаж байгаа залуусыг бусдыгаа уриалах зорилгоор илгэл лекц уншуулах зэрэг ажлыг хавар намрын элсэлтийн үеэр зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.

Ажлын хэсгийнхэн өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Баянхонгор, Төв аймгууд болон нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаад байна.

ШИНЭ МЭДЭЭ