Д.Сумъяабазар: "Оюутолгой"-н ТУЗ-д өөрчлөлт оруулах ёстой
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
2018.05.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: "Оюутолгой"-н ТУЗ-д өөрчлөлт оруулах ёстой

Уул уурхайн салбар энэ онд 7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Тэгвэл эхний улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, алт 11.5, нүүрс 255.8, цайр 37.7 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Улсын төсөвт оруулсан орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өсчээ.

Энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой. Харин бусад ашигт малтмалаас төвлөрүүлэх орлого өмнөх оныхоос 2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна. Өнөөгийн байдлаар ашигт малтмалын 3330 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Салбарын яам өнгөрсөн сард гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгож, 70 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 16 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Манай улс газрын тос экпортлогч орон ч эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэггүй. Тиймээс шатахууны хувьд хараат байдлаас гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлнэ гэж салбарын сайд дурдаж байв. Энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд 223.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 2.44 сая баррель буюу 310 мянган тонн тос олборлож төлөвлөгөө 30 гаруй хувийн биелэлттэй байгаа аж. Улсын хэмжээнд шатахууны 38 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг. Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан гэдгийг энэ үеэр мөн хэлэв. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж байгаатай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой”-г түшиглэн сайжруулсан нүүрс үйлдвэрлэх ажлын талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Эрдэнэс Монгол” компанийн охин хэлбэрээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүүжилтээр сайжруулсан түлш үйлдвэрлэх төрийн өмчит компани байгуулах чиглэлийг өгсөн. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараад байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг тэг давхаргын нүүрс гэж байдаг. Түүнийг Улаанбаатар хотод авч ирж сайжруулсан түлш үйлдвэрлэх юм. Ирэх өвлөөс энэ ажлыг дуусгахаар ажиллаж байна. Нээлттэй тендерийн зарчмаар гол худалдан авалт хийнэ. Хамгийн гол зардал бол тээврийн зардал байдаг” гэв. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ эхний байдлаар энэ сарын 21-нд бэлэн болно. Бид ирэх сарын 5-10-нд ТЭЗҮ-г шалгаж буцаагаад 20-ны өдөр гэхэд эцсийн байдлаар бэлэн болгохоор төлөвлөөд байна.

-Та “1072 хувьцааг амилуулъя. Тэгэхдээ гадны зах зээл дээр IPO гаргая” гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэвч 1072 хувьцааг дотоодын зах зээл дээр амилуулж чадаагүй байж гаднын зах зээл дээр гаргана гэдэг үлгэр хэмээн шүүмжлэх хүмүүс байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Бид олон улсын стандарт дүрэм журмын дагуу тоглох ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” бол дэлхийд гайхагдах том нүүрсний орд. “Энержи ресурс” гэдэг үлгэр жишээ хэрэгжиж буй төсөл байна. Ж.Оджаргал захирал үүнийг сайн удирдаад олон улсын зах зээлээс хэдэн тэрбумаар нь хөрөнгө босгоод явж байна. Ингээд харьцуулаад бодох хэрэгтэй. Яагаад бид стандартын хэм хэмжээнд тоглож болохгүй гэж. Би үүнийг стандартын дагуу явах ёстой гэж бодож байна.

-Стандартын дагуу явахад ядаж тухайн компани хөрөнгийн зах зээл дээр нээлттэй байх ёстой гэдэг?

-Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвтэй асуудлаа ярьж шийднэ. Болохгүй, бүтэхгүй дотооддоо хийж чадаагүй гэдэг бол зүгээр шалтаг. Энэ ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ.

-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. Та Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солино гэж ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Оюутолгой төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад шалгалт орж байгаа. Харин манай яамнаас шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн асуудал нь яригдах байх. Оюутолгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд юм. Цаашид төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтална. Салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялддаггүй. Үүнээсээ болоод ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюутолгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Үүнийг засч залруулан төслийг цааш үргэлжлүүлэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн.

-Та ажлаа авсныхаа дараа ашигт малтмалын лицензээ хууль бус ашигласан асуудлыг цэгцэлнэ гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?

-Хууль бус тусгай лицензүүдийн асуудлын талаар Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг чиглэл өгсөн. Лицензийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийг цуцлах эрх нь бий.

-Татварын Ерөнхий газраас Оюутолгойн 2013-2015 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 337 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн ирээдүйд шилжүүлэн тооцож 640 гаруй тэрбум төгрөг гээд нийт их наяд төгрөгийн акт тавьсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд очих асуудал яригдаж байна. Энэ асуудалд салбарын сайд ямар байр суурьтай байна вэ?

-Татварын асуудалд хоёр тал хамтран ажлын хэсэг байгуулсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд байнга жижиг зовлон дагуулдаг. Оюутолгой бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг битгий улстөржүүлээсэй гэж хүсч байна. Улстөржүүлдэг ч сэдэв биш.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШИНЭ МЭДЭЭ