УИХ-ын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар
2018.05.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д. Сумъяабазар: "Оюутолгой" 11 тэрбум төгрөгийн татварыг эхний ээлжинд төлөөд байна
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн эхний дөрвөн сарын байдлаар 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 807.8 тэрбум төгрөгөөр өсч уул уурхайн салбарт жин даржээ. Энэ тухай “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар онцлов.
Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 652.6 тэрбум төгрөгөөр өссөн сайн мэдээ байна. Тухайлбал, нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 309 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.9 их наяд төгрөгт хүрчээ.
Улмаар уул уурхайн салбар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт нийт 694.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.5 дахин их буюу 229.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хамгийн их хувь эзэлж байгаа нь алт гэдгийг албаныхан тодотголоо. “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр 988 кг алт Монголбанкинд тушаасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаж, уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр зарим уурхайд эрчим хүчний хомсдол үүссэнтэй танилцаж, улмаар Эрчим хүчний яамтай хамтран Дорнод аймгийн ДЦС-ыг өргөтгөх шаардлагатай гэдэгт төвлөрч ажиллаж буйгаа дуулгалаа.
Сэтгүүлчдийн асуултад УУХҮ-ийн сайд болон албаныхан ийнхүү хариулав.
-Удахгүй өвөл ирнэ. Утааны асуудлыг шийдэхээр түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Түлш хийх нүүрсээр хангахаас эхлээд олон ажил өрнөнө. Ажлын явц ямар шатандаа явж байгаа вэ?
- Монгол Улс сайжруулсан түлш үйлдвэрлэхээр 15 жил ажилласан. Утааг бууруулах ажлын хүрээнд хэд, хэдэн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. “Эрдэнэс Таван Толгой” компанийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг дэд давхаргын нөөц гэж бий. Үүнийг Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж сайжруулсан түлш үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг хийж байна. Техник, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн сонголтыг бид хянаж ажиллах ёстой. Ирэх өвлөөс өмнө энэ ажлуудыг хийхээр ажиллаж байна. 10 дугаар сар гэхэд Нээлттэй тендерийн зарчмаар тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийнэ. Хамгийн гол асуудал нь тээвэрлэлт болоод байгаа. Улаанбаатар руу нүүрс тээвэрлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх, эсвэл газар дээр нь сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах асуудал байгаа.
Хамгийн гол нь чанарын стандарт хангасан агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах түлш үйлдвэрлэхийг зорьж байна. Засгийн газраас нэг тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулах чиглэл өгсөн. Шинээр байгуулсан үйлдвэр бэлтгэл ажлаа хангаад ирэх аравдугаар сард үйлдвэрлэлээ эхэлнэ. Нөгөөтэйгүүр өмнө нь байгуулагдсан 20 гаруй түлшний үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана.
-Сүүлийн үед чанаргүй шатахуун худалдаанд гарч байна гэх гомдол гарах болсон. Монголд түүхий эдийг нь авчирч чанаргүй шатахуун үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тухайд?
-Газрын тосны бүтээгдэхүүний хувьд нарийвчилсан журам бий. Уг журмыг энэ оны нэгдүгээр сард Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд шинэчлэн баталсан. Журмын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсад оруулж ирэхээр зохицуулсан. Үүнийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газраас зохицуулан ажиллана. Сүүлийн үед яригдаж буй хуурамч шатахууны асуудалтай холбоотой онцгой албан татварын хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
- “Оюутолгой”-н татварын маргаантай асуудлаар Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар болсон гэсэн энэ үнэн үү?
-Ер нь төрийн захиргааны бүхий л байгууллагууд "Оюутолгой"-н төсөлд шалгалт хийж байгаа гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан, Татвар, Аудит гээд ажлын хэсэг гарч шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр татвар, зээлийн хүү бууруулах асуудал, далд уурхайн бүтээн байгуулалтын төсөв баталсантай холбогдуулаад хэд, хэдэн акт гарсан байгаа. Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны хүрээнд тус компани 11 тэрбум төгрөг шилжүүлээд байна.
-Та “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих асуудлыг хөндсөн үү?
-Ер нь бол Монголын талын ТУЗ-ийн гишүүд маш идэвхтэй ажиллах ёстой. Наад зах нь төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллахаас эхлээд холбогдох байгууллагуудтай уялдаатай ажиллах шаардлага бий. Тиймээс аргачлалаа сайжруулах, ямар үүрэг хариуцлагатай оролцох вэ гэдэгт зөв бүтэц хэрэгтэй байгаа. Монголын талыг төлөөлж буй ТУЗ-ын гишүүдэд мэргэжлийн байгууллага салбаруудаас байх ёстой гэсэн зарчмыг хамгийн оновчтой хувилбар гэж харж байгаа. Тухайлбал Сангийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас "Оюутолгой"-н ТУЗ-д гарцаагүй байх хэрэгтэй. Ингэж байж төрийн яамдын уялдаа холбоо, мэдээллийн урсгал, цаашлаад ямар зохицуулалтаар Оюутолгойн төслийг амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэгт мэргэжлийн гаргалгаа гарна гэж үзэж байна.
-Улсын хэмжээнд ашигт малтмалын хичнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 3,330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүний 1,687 нь хайгуулын, 1,643 нь ашиглалтынх юм.
Б.Заяа