МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон баталлаа
2018.05.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон баталлаа

Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг 2018 оны 5 сарын 4-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар танилцууллаа. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байна.

Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах гэж тодорхойлжээ.

Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж.

Хуулийн төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 5 сарын 8-ны өдөр хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтсон байна.

ШИНЭ МЭДЭЭ