Ж.Энхбаяр: АТГ-ын удирдлагад нэр дэвшигчийг цомхон хүрээнд хайна
2018.04.26
Улстөр

Ж.Энхбаяр: АТГ-ын удирдлагад нэр дэвшигчийг цомхон хүрээнд хайна

УИХ-ын гишүүн Ж. Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг ард түмнээс асуух Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг томилохдоо ард түмнээс санал авахаар болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ингэх нь хуулийн хувьд зөрчилгүй. Ерөнхийлөгч өөрөө энэ байгууллагын удирдлагыг УИХ-д санал болгох бүрэн эрхтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ олон нийтийн санаа бодлыг тусгахыг хичээж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл, Монголд авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, хатуу үзэх шаардлага байна.

-Таныг санал асуулгыг дэмжиж байна гэж ойлголоо?

-Хоёр талтай. Нэг нь сайн тал. Нэр дэвших бололцоотой хүмүүсийг олон гүмэн мэднэ. Монголчууд цөөхүүлээ байгаа-гийн нэг давуу тал бол хэн нь хэн бэ гэдгийг мэддэг явдал. Гарал үүсэл, удам судар, ажлын түүх, ур чадварыг ерөнхийд нь мэддэг. Тийм хүмүүс гараад ирвэл их сайн. Нөгөө нь, буруу зохион байгуулалтаар явчих талтай. Сошиал орчны сөрөг тал нь хуурамч, янз бүрийн зохиомол хаягнаас нөлөөлөл үзүүлэх бололцоотой. Гэхдээ эцэстээ олон түмний саналыг авч оаина гэдэг нь үүнд иргэдийн анхаарлыг хандуулах гэсэн улс төрийн арга хэмжээ юм. Тэглээ гээд хууль зөрчихгүй. Нэр дэвшигчийг Ерөнхийлөгч оруулж ирнэ, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. АТГ бол хуулиар тогтоосон, босго өндөртэй байгууллага. Мэргэжлийн, ажлын туршлагатай, улс төрөөс ангид байх гэх мэт шалгуур тавиад ирэхээр тэнцэх хүмүүсийг хайх хүрээ цомхон болоод ирнэ. Төрийн байгууллагад 15 жил тогтвортой алба хашина гэдэг нэг талаар амар биш. Бас улс төрийн үйл ажиллагаанаас хөндий байх ёстой. Мөн мэргэжлийн явцуу шаардлагыг зааж өгч байгаа. Тэгэхээр АТГ-ын удирдлагад нэр дэвшигчид их цөөн хүрээнд байх болов уу. Иймээс олон түмний дэмжлэгийг авсан, итгэл найдварыг даах хүн орж ирэх байх гэж бодож байна.

-Тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг хүчний байгууллагынхныг иргэд хэр сайн мэдэх бол?

-Ерөнхийлөгч өөрөө нийгмээс мэдээлэл авахыг хүсээд байна. Түүнээс биш АТГ-ын даргад нэр дэвшигчийг цахимаар санал аваад тодруулчихгүй. Монгол Улс бол парламентын засаглалтай. Гадаад дотоод бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрх нь УИХ-д бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санал асуулга бол АТГ-т нэр дэвшигчийг оруулж ирэхдээ хариуцлагатай хандаж байгаа л үйл явц.

-АТГ-ын дарга, дэд даргаар одоо ажиллаж буй хүмүүсийн бүрэн эрхийн хугацааны асуу-дал анхаарал татаж байна. Ерөнхийлөгч тэдгээр хүмүү-сийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэж байгаа бол, Засгийн газар үгүйсгэдэг...?

-Үүн дээр Үндсэн хуулийн цэцийн нэг дүгнэлт бий. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүний томилгоотой холбоотой гарсан. ТАЗ-ийн хоёр гишүүнийг чөлөөлөхдөө үлдсэн хугацаанд нөхөн томилсон гэж үзсэн. Ийм хуулийн жишиг байгаа нь хоёрдмол байдлыг үүсгэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч энэ хуулийн гаргалгаагаа тооцоод, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд орсон юм байна гэж би ойлгосон. Нэр дэвшигчээ Ерөнхийлөгч санал болгог, УИХ-д ороод ирэхээр нь аяндаа энэ хуулийн гаргалгааг хэлэлцэнэ.

-Засгийн газрын хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад хүргүүлээд буй. Ч.Хүрэл-баатар болон Ц.Нямдорж нарыг огцруулах тус бүлгийн шаардлагатай та танилцсан байх. Хэр үндэслэлтэй шаардлага вэ?

-Би эдгээр сайдыг хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Ер нь Засгийн газрыг ядаж нэг жил тогтвортой ажиллуулах хэрэгтэй. Засгийн газар намар байгуулагдсан. Одоо л улс орны бүтээн байгуулалтын ажил руу орох гэж байна. Энэ үйл явцыг бүх талаар нь дэмжиж өгөх хэрэгтэй Улс төрийн тогтворгүй байдал туйлын хэрэггүй цаг үе шүү дээ. Тиймээс Засгийн газар юу хийв гэдэг тайланг ядаж жилийн дараа сонсъё. Түүний дараа л хариуцлагын асуудал яридаг. Ямар ч Засгийн газар хамгийн багадаа нэг жил ажиллах ёстой. Мэдээж сайн ажиллавал урам өгөөд цааш явах, алдаа дутагдал гаргасан бол тухайн салбар бүрт нь хариуцлага тооцоод явах нь зүй ёсны асуудал.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар МАН-ын бүлэг хэлэлцээд, хаврын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн шийдэлд хүрлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар байдлаар хийх нь зөв юм бэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндвөл их л олон юм ярина даа.

-Тухайлбал, засаглалын хувьд ямар өөрчлөлт байх бол?

-Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлаад 30-аад жил болсон. Энэ хууль Монголын нийгмийн амьдралыг гол зохицуулагч. Өнөөдөр улс орны амьдрал алаг цоогтой байгаа, эдийн засгийн уналт босолт зэрэг нь засаглалтай холбоотой. Мөн төрийн албаны нэр хүнд олон түмэнд муу байгаа зэрэг маш олон асуудал Үндсэн хуультай холбоотой юм. Тэгэхээр зайлшгүй сайжруулах зүйл байна гэдэг нь тодорхой. Тэгэхийн тулд өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо дүгнэх ёстой. Алдсанаа засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.

Өнөөгийн бодит байдал дээр Засгийн газар нь УИХ юм шиг, УИХ нь Засгийн газар юм шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд юм шиг эрх, үүрэг давхацсан нөх-цөл байдлууд харагдаж байна. Үүнийг л тодорхой болгох нь чухал юм. Монгол Улс гурван толгойтой юм шиг байгаа нь хариуцлага суларч, улс орны хөгжлийг боомилж байгаа суурь шалтгаан болж байгаа. [ЗГМ]

Сэтгүүлч Б.Энхжаргал

ШИНЭ МЭДЭЭ