Д.Сумъяабазар: Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай батлах ёстой
2018.02.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай батлах ёстой

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг Их хуралд өргөн барина гэж байна. Хувьцааг мөнгөжүүлэхийн тулд оруулж байгаа гэсэн үг үү?

-Эрдэнэс Монгол компанийн нэгдэл 2006 онд байгуулагдсан. Одоо 2018 он гарчихаад явж байна. Нэг нохой жилээс нөгөө нохой жилийн хооронд цикл явсан гэж ойлгох хэрэгтэй. Нэг жарны 12 жил яваад дуусчихлаа.

Энэ хугацаанд бид яг юу хийв. Эрдэнэс Монголыг бид баялгийн сан болгож чадсан уу, өгөөжөө ард түмэнд өгсөн үү. Стратегийн 39 ордоос 16-г нь нэгдэлд оруулсан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд байна. Үүнээс найм нь Засгийн мэдэлд явж байна.

-Нөгөө найм нь яасан гэсэн үг үү?

-Хараахан орж ирээгүй байгаа. Төр өмчөө бүртгэж чадаж байна уу. Төрийн өмч зохих ёсны бүртгэлдээ ороод эдийн засгийн эргэлтэд орж хүлээн зөвшөөрөгдөх эрх зүй, тогтоол шийдвэр талаасаа биелсэн үү. Би бол хангалтгүй гэж хэлнэ. Учир нь 12 жил гэдэг нэг мөчлөг өнгөрчихөөд байхад Эрдэнэс Монгол урагшаа хөдлөхгүй байна. Уул уурхайн үнийн өсөлттэй, улс төрийн шийдлийн хувьд эсэргүүцэх хандлага харагдахгүй байгаа.

Мөн нийгмийн дэмжлэг байна. МАН 2016 онд сонгуульд ялахдаа ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, юу амалж байсныг санаж байгаа байх. 1072 ширхэг хувьцааг амилуулах, Эрдэнэс Таван толгойг эргэлтэд оруулах, Баялгийн сан байгуулна гээд мөрийн хөтөлбөртөө заасан. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг толгойлж буй сайдын хувьд уг хуулийн төслийг санаачилж, ажил хэрэг болгохоор явж байна.

Нэгдүгээр сарын 14-27-ны хооронд би гадагшаа явсан. Үүнийг зарим хүмүүс аялалаар явлаа гэж байсан. Энэ аялал зугаалга биш байсан л даа. Бид дэлхийн хөрөнгө оруулагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангах, тэдэнтэй санал бодлоо нэгтгэх ажлаар явсан. Хонконгийн бирж дээр бид хувьцаагаа ямар зарчмаар гаргаж санхүүжилт босгох вэ, БНХАУ-ын тал болон түүхий эдийг худалдан авч буй орнуудтайгаа бид ямар байдлаар зохицож ажиллах юм гэдгээ тооцох ёстой.

Бид хөрш зэргэлдээ Казахстанаас жишээ авах хэрэгтэй. 1990-ээд онд зэрэг нийгэм өөрчлөгдөж хөгжлийн гараан дээрээс хамт хөдөлчихөөд нэг нь хөгжлөөрөө дэлхийн шилдэг 30 орны тоонд орох гэж зүтгэж, эдийн засгаараа Азид гайхагдаж байна. Гэтэл бид хаана байна вэ. Бид хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад сууж л байна шүү дээ.

Энэ байдлаас үүдээд бид Баялгийн сангийн тухай хуулиа ярих цаг болж. Өнгөрсөн үеэ, одоо цагаа хар. Ирээдүй рүү бид яаж явах ёстой юм. Өмнөх алдаагаа давтсаар байх юм бол яаж урагшлах юм бэ. Алдаа гаргахаас битгий ай гэж хэлмээр байна. Тиймээс зоригтойгоор Баялгийн сангийн тухай хуулиа батлах хэрэгтэй. Баялгийн сангийн нэгдэл Эрдэнэс Монголыг шинэ бүтцэд оруулж, шинээр хувьцаа, өмчөө бүртгэж авах ёстой гэх мэтчилэн төр өмчөө мэддэг энэ зарчим руу орохгүй бол болохгүй. Манайхан улс төрөөс ангид байх ёстой гэдэг. Улс төрөөс хараат улсууд авч яваад 12 жил болсон. Юу хийсэн юм.

-Таван толгой, Эрдэнэтийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийднэ гээд байгаа. Яг хэзээнээс эхлэх вэ?

-Таван толгой эдийн засгийн эргэлтэд орно. Бүх зүйл бэлэн болсон. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Манайхан мөнгөжүүлнэ гээд мушгиад байх юм. Эхлээд хувьцаагаа бүртгэж аваад хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлаа хангах ёстой. Үүнд багагүй хугацаа орно.

Энэ ондоо багтаах чиглэл өгөөд шахаад ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар энэ онд багтаахгүй бол 2019 онд үйл ажиллагаа нь суларна гэж бодож байгаа. Тэгэхээр 12 дугаар сарын 31-нд багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах боломж бололцоо юу байна тэр бүгдийг шахаж ажиллах зарчмын шаардлага тавьж байгаа.

Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс оронд тустай. Өнөөдөр Таван толгойгоос олж буй орлогоо бид эдийн засаг руу шууд цутгаад байж болохгүй. Энэ өвчнийг бид эдийн засаг өсөлттэй байсан 2011 онд хангалттай амссан. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг татаж авч ирж байгаад Монголын хөрсөнд буулган Их хурлаар хэлэлцүүлэх хуулийн төслийг Засгийн газар өргөн барихаар яриа хэлцлийн түвшинд явж байна.

Би Норвегийн экспертүүдийг албан ёсоор урьсан. Эрдэнэс Монголын чадавхийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах, мэдлэг чадвартай хүмүүсийг авч ирж байгаад хамтарсан байдлаар шийдэлд хүрэх ёстой.  Ардчилсан намын үед Баялгийн сангийн тухай хуулийг санаачилж оруулж ирсэн ч өнөөх нь халамж болоод арилж өгсөн. Нам намуудын 100 мянга, Эх орны хишиг болоод дууссан. Үүнийгээ бид болих хэрэгтэй.

Ирээдүйдээ бид юу үлдээх юм, одоо бид ямар хөрөнгийг ямар дэд бүтэц рүү оруулах ёстой юм бэ гэдэг хязгаарлалтуудыг хийж өгөх хэрэгтэй. Үүнийгээ Баялгийн сангийн тухай хуулиндаа оруулж өгөх ёстой юм.

-Ерөнхий зүйл л ойлгогдоод байна. Яг яаж хувьцаанаас иргэд ногдол ашиг хүртэх юм бэ?

-Эхлээд ерөнхий ярьж загвараа босгож байж нарийн ширийн зүйл рүүгээ орох ёстой. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд мэргэжлийн байгууллагууд ямар түвшинд яваа юм бэ. Бэлтгэл ажлыг яаж хангах ёстой юм гээд нарийн ажлууд бий. Олон улсын дөрвөн стандартын шаардлагаа хангах хэрэгтэй.

-1072 хувьцаанаас эхний ээлжинд 108 ширхэг хувьцааг мөнгөжүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооноос чиглэл өгсөн гэсэн үнэн үү?

-Эхлээд хувьцаагаа зөв бүртгэж авна. Үүний бэлтгэл ажлыг хангах ёстой. Ний нуугүй хэлэхэд бүртгэл чинь файл дээр л байгаа. Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа хэдийг гаргах юм гээд дараагийн алхам руугаа орох шаардлагатай.

Манайхан шууд л хувьцаагаа таван төгрөг болгоно гэдэг ойлголт байж болохгүй. Таван толгойн хувьцааг тодорхой хугацаа заан арилжиж болохгүй гэж зааж өгөх ёстой гэж бодож байна. Иргэд ногдол ашгаа хүртдэг системийг болгох хэрэгтэй. Хувьцаагаа зараад эхлэх юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаж аваад яг ягаан тасалбар болно шүү. Үүн дээрээ бид болгоомжтой хандах ёстой.

-Ардчилсан намынхан сонгуулийн өмнө 1072 хувьцаанаас тодорхой хэсгийг нь худалдаж авч байна гээд иргэдэд мөнгө өгсөн. Энэ асуудлыг яах бол?

-Энэ бүгдийг ялгаж салгах ажлын хэсгийг гаргах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж гээд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргана. Таван толгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. Харин 15 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд бий. Үүнийг бүртгэх шаардлагатай. Иргэдэд давуу эрхийн хувьцааг ямар үнэтэйгээр яаж гаргах талаар сайтар ярина.

-Баялгийн сангийн тухай хуулийн гол концепци нь юу юм бэ. Экспортын тэдэн хувь нь сан руу шууд орж байна гэж заах юм уу?

-Ярилцана. Норвеги бол бүх орлогоо баялгийн сандаа төвлөрүүлж байгаад дараа нь Засгийн газар буюу улсын төсөвтөө хуваарилж өгдөг юм билээ. Тэдний жишиг манай улсад таарч тохирох уу, манай хууль эрх зүйн орчинтой зөрчилдөх үү гэдгийг харах ёстой. Аль болох яаралтай энэ хуулийн концепцийг дэвшүүлэх хэрэгтэй.

-Эрдэнэтийн 51 хувийн асуудал арбитрын шүүх дээр маргаантай байна. Энэ асуудал юу болж байна вэ. Засгийн газарт хариу ирсэн үү?

-Энэ их маргаантай. Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байгаа. Эрдэнэт дээр нарийн судалж байж бид асуудлаа тавих ёстой. Хүмүүсийн ярианаас сонсож байхад гарын үсгийг хуурамчаар зурсан, өнгөт каноноор хувилсан зэрэг арбитрын шүүхээс гарсан мэдээлэл бий. Энэ бүгдийг нэгтгэж байгаад Их хуралд танилцуулах шаардлагатай.

-Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг шүүх хүчингүй болгох асуудал яригдаад байгаа. Энэ тал дээр хариулт өгөөч?

-Эрдэнэт үйлдвэрийг тойрсон маргаан их байна. Бид ойлголцох ёстой. Эцэс төгсгөлгүй маргаан хийгээд яваад байгаа хүмүүст эцсийн шатанд нь ямар хариуцлага тооцох вэ гэдэг дээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажлын хэсэг гаргаад шалгаад явж байна.

Монголчууд бид дотооддоо яах ёстой юм бэ гэдэг асуултын тэмдэг байсаар байгаа юм. Засгийн газар тогтоол гаргасан. 49 хувийг төрдөө авна гэсэн. УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу Засгийн газар ажиллаж байгаа. Нөгөө тал шүүхэд хандаад цаашаа явах эрх нь нээлттэй.

-Засгийн газар шүүх дээр ялагдвал яах вэ?

-Ялагдахгүй байх гэж бодож байна.

-Шатахууны үнийн асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ. Онцгой албан татварыг нь нэмсэн шатахуунуудын үнэ нэмэгдсэн шүү дээ?

-Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудалд хариулт өгөх түвэгтэй байна. Үнийн зөвлөлийг би өөрөө ахалж орох нь зүйтэй юм байна гэдэг асуудлыг Засгийн газарт оруулах гэж байгаа. Үнийн зөвлөл дээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж үнийг барих нь хэр зохистой вэ, барихгүй бол ямар сөрөг үр дагавартай вэ гэдгээ ярина.

Үнэ барихаар алдагдалд орлоо гээд нөгөө талаас нь шахаад түвэгтэй асуудал шүү дээ. Төр стратегийн салбар дээр ямар байр суурьтай байх юм. Газрын тосны үйлдвэр байгуулах чиглэлд байгуулагдах төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг төр мэдэлдээ аваад ОХУ-тай очиж квотоо тохирдог, иргэдийг татвар болон бусад зүйлээр нь дэмжиж чаддаггүй юмаа гэхэд шатахууны үнэн дээр зохистой хэмжээнд зохицуулалт хийдэг байх ёстой.

Өнөөдөр шатахууны үнэ дээр зохицуулалт хийх барьц нь алга. Бүгдийг нь хувьд шилжүүлсэн. Төр хүчгүйдээд байгаа шалтгаан энэ. Янз бүрийн хүндрэлтэй шалтгаан бий. Гэхдээ төрийн зүгээс үнэ нэмж буй асуудалд хариуцлага тооцно.

Яагаад хариуцаж буй дарга нар нь энэ асуудал дээр анхааралгүй өнөөдрийг хүртэл явуулчихаад албан тушаал дээрээ хээв нэг яваад байдаг юм. Албан тушаалтнууд тухайн цаг үед нь шийдвэртэй арга хэмжээ аваагүй тул алагдалын хуримтлал дөрвөн сараар нэмэгдсэн. Тэр үед нь яаралтай арга хэмжээ аваагүй тул эхний ээлжинд арга хэмжээ авах ёстой.

Дараагийн ээлжинд Росне фтьтэй үнийн асуудлыг давхар ярих ёстой гэж бодож байна. Хоёрдугаар сарын үнэ дээр 43 ам.долларын үнийн нэмэгдэл орж ирнэ. Тэгэхээр шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай болчихоод байна.

Гуравдугаар сард 10-15 ам.доллараар буурах магадлалтай. Дөрөвдүгээр сараас эхлээд зуны шатахуунд шилжих учраас 30-50 ам.доллараар буурах байх. Зургадугаар сарын 1-нд Роснефть компанитай гэрээгээ шинэчилнэ. Энэ хүрээнд 20-40 ам.доллараар үнэ буулгах зэрэг ажлууд явна. Дэлхийн жишигт нефтийн үнэ буурахад үнэ буурч, өсөхөд дагаад өсдөг энэ зарчимаар явах ёстой.

-Та дэд сайд Д.Загджавыг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэсэн үнэн үү?

-Улс төрийн асуудлыг ярихгүй.

-Энэ онд Гацууртаас эхлээд томоохон төслүүд хөдлөх үү. Хөдлөх эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Хөрөнгө оруулагчид ч эргэлзээд байна л даа...

-Томоохон төслүүдийг хөдөлгөнө. Эдийн засаг хүнд байхад том төслүүдийг хөдөлгөж байж эдийн засагт нааштай дохио өгнө. Энэ онд том төлүүдээ зоригтой хөдөлгөхгүй бол болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ