МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Анхны “Улсын тэргүүний цаачин” цолыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ч.Батбаярт хүртлээ
2018.02.12
Орон нутгийн хөгжил

Анхны “Улсын тэргүүний цаачин” цолыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ч.Батбаярт хүртлээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймаг 2017 оны мал тооллогын урьдчилсан мэдээгээр 5,2 сая мал тоолуулж улсдаа II байрт жагссан. Тус аймгаас Улсын хошой аварга малчин нэг, Монгол улсын аварга малчин ес, Улсын аварга тариаланч хамт олон нэг, Улсын аварга тариаланч нэг, Улсын аварга саальчин гурав, Улсын  анхны тэргүүний цаачин нэг тус тус төрөн гарсан юм. Л.Мөнхбаатар гишүүн Улсын тэргүүний цол тэмдгээр шагнагдсан алдартнуудад шагналын гардуулж өглөө.

Хөвгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багаас  анхны “Улсын тэргүүний цаачин” тодорсон билээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Ч.Батбаярт “Улсын тэргүүний цаачин”-ы энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Ч.Батбаяр өнгөрсөн онд 150 цаа буга тоолуулж, хамгийн их цаа буга тоолуулсан үзүүлэлтээр анхны “Улсын тэргүүний цаачин” цол хүртэж  байгаа юм байна.

Тэрээр 2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цол хүртэж байжээ.

Хөвгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багаас  анхны “Улсын тэргүүний цаачин” тодорсон юм

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг бөгөөд Ч. Батбаярын хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг аж. Цаа бугын тоо толгой 1994 онд 400 гаруй тоо толгойд хүрч цөөрсөн бол энэ онд 2159 хүрч өссөн байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Улсын аварга саальчин, малчдад шагналын гардуулж өглөө.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн малчин Мотоорын Баянжаргал, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн малчин Шархүүгийн Гэрэлчулуун нарт Улсын аварга саальчны энгэрийн тэмдэг, тууз, өргөмжлөл, мөнгөн цом, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, алтадсан домбо, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн малчин, Улсын аварга саальчин Мотоорын Баянжаргал

М.Баянжаргал нь 1986 оноос хойш мал маллаж байгаа юм байна. Түүний гэр бүл аймаг, сумандаа нэртэй ажилсаг сайн малчид юм.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн малчин, Улсын аварга саальчин Шархүүгийн Гэрэлчулуун

Ш.Гэрэлчулуун нь 38 жил мал маллахдаа сумын гурван удаагийн аварга саальчин болж байжээ. Тэрбээр 100 гаруй үнээ саадаг, жилдээ 1 тонн гаруй тос, цагаан идээ бэлтгэж борлуулдаг байна.

Мөн Улаан-Уул сумын Шивлэг багийн малчин Цүлтэмийн
Болд-Эрдэнэд “Улсын аварга малчин” энгэрийн тэмдэг, тууз, үнэмлэх, өргөө цагаан гэр, мөнгөн цомын хамт гардуулан өглөө.

Улаан-Уул сумын Шивлэг багийн малчин, “Улсын аварга малчин”
Цүлтэмийн Болд-Эрдэнэ 

Ц.Болд-Эрдэнэ нь 1460 гаруй толгой мал тоолуулсны 600 гаруй нь бод мал. Тэрээр адуу маллах, арчлах арга ухааныг өвлүүлэх, Дархадын цагаан адууны тоо толгойг өсгөн үржүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа удам дамжсан малчин юм байна.

Л.Мөнхбаатар гишүүн Улсын аварга цол тэмдгээр энгэрээ мялаасан алдартнуудад амжилт хүсээд, Монгол малын арвин цагаан буян өсөн дэлгэрэх болтугай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ