Төр өмчөө мэддэг байх ёстой
2018.02.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Төр өмчөө мэддэг байх ёстой

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан юм.

Нүүрсний компаниудад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс энэ хоёр уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй ажиллагааны асуудлыг Засгийн газар анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Энэ асуудалд  алгуурлаж болохгүй. Хоёр уурхайтай холбоотой бас нэгэн хүндрэл нь лицензийн маргаантай холбоотой асуудал байгаа.

Шивээ-Овоогийн уурхайд л гэхэд 2.1 тэрбум тонны таамаг нөөцтэй талбай бол төрийн мэдэлд байх ёстой. Багануурын уурхайд ч гэсэн 2006 оноос энэ маргааны эх үүсвэр тавигдсан юм байна.   Хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын засаг захиргааны төв болсон Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй энэ чухал асуудлыг төр мэдэлдээ авч чадахгүй хувийн хэвшилд алдчихаад, шүүхээр маргаан дэгдээгээд явж байгаад үнэхээр харамсч  байгаагаа хэлэх нь зөв байх.     

Төр өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоочхоод ашиглахаар бэлдэж байсан талбайг нь эрх мэдлээр дулдуйдан гарын үсэг зурж авчхаад дараа нь шударга юм ярьж болохгүй. Энэ мэт асуудалтай УУХҮЯ хатуу тэмцэж, зөв шийдвэр гаргуулах талаар үе шаттайгаар ажиллана гэж бодож байна.

-Компаниудын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн тухайд?

-Дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний өр авлагын асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. Өмнө нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд /Дэлхийн банк болон Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр/ авсан зээлийн эргэн төлөлтийн асуудалд нэгдсэн нэг бодлогын шийдвэр гаргах цаг нь болсон.

Мөн цахилгаан, дулааны эрчим хүч болон түүний гол эх үүсвэрийг бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнуудын цаашдын уялдаа холбоог хангаж ажиллах үүднээс өнөөдөр Эрчим хүчний сайдтайгаа хамтран ажиллаж байна.

-Компаниудын хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр гаргах талаар та ярьж байсан?

-Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлж, урт хугацааны санхүүгийн хэрэгсэл бий болгож, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг авахгүй, санхүүгийн дарамтад орохгүй урт хугацааны санхүүгийн боломж бий болгох ёстой гэсэн бодлого барьж байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-д ‘‘Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюутолгой” ,ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мон Aтом” ХК зэрэг 16 стратегийн орд газар багтаж байгаа. Төр өмчөө мэддэг, бүртгэдэг байх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол’’ компанийг Баялгийн сан болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулна гэсэн байр суурьтай байна.

Г.Мөнх

ШИНЭ МЭДЭЭ