МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.31
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Төр л юм бол жижиг дунд бизнесээ дэмж

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар банкны хүүг бууруулах чиглэлээр авах тодорхой заалтууд байхгүй байна хэмээн шүүмжиллээ.

Ж.Ганбаатар: Үе үеийн тогтоолууд гардаг боловч дандаа тунхагийн чанартай. Тогтоол боловсруулсан хүмүүс уучлаарай. Биелсэн гээд л яриад байдаг. Гэтэл өнөөдөр ямар байдалтай байгаа билээ?

Тогтоолд тодорхой саналуудыг л оруулах ёстой гэж ойлгож байна. Уншаад үзэхээр тодорхой юм байхгүй байна.

100 сая төгрөгнөөс доош зээл дээр л асуудал байдаг шүү дээ. Том зээлдэгч нарт банкууд хамаагүй өөр санал тавьдаг. Бүгд мэдэж байгаа байх.

Найдвартай байвал банкууд том зээлдэгч нар луу оочерлож байгаад, хүүгээ буулгаад ярьдаг. Зээлийн хүүг бууруулах талаар маш тодорхой заалт оруулах ёстой.

Би аргаа бараад зээлийн хүүгийн дээд хязгаар гэдэг дээр л дэмжиж байна. Том том банкирууд бол эдийн засгийн ойлголтгүй зүйл ярьлаа гэсэн юм ярьж байна. Бусад зүйл дээр төрийн оролцоо байх ёстой гээд зээлийн хүү дээр очихоор ганцхан эдийн засаг зохицуулах ёстой болчихдог. Төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх ёстой. Жижиг зээл авах хүмүүст л том асуудал байгаа. Дампуурдаггүй бизнес гэж байхгүй. Гүрийгээд байхад л Монголбанкны долларын ханшнаас болоод уначихдаг. Монголбанк заримдаа долларын ханшийг буулгах сонирхолгүй байдаг. 

Ийм тогтоолыг зөндөө л уншлаа. Би бол үр дүнтэй болно гэдэгт итгэхгүй байна. Зүгээр л нэг бичиг баримт. Тэрийгээ 100 хувь биелсэн гэж Засгийн газар нь ярина. Их л тодорхой заалт оруулмаар байна. Болдог бол дээд хязгаар нь жилийн 18 хувь гээд заачихмаар байна. Ингэж болохгүй гээд л хүмүүс ярьж байна. Өөр гаргалгаа байгаа юм уу? Өөр арга ярьвал тэрийг дэмжье. 20-иод жил боллоо. Энэ хүүг даваад явдаг жижиг дунд бизнес байхгүй байна. Төр л юм бол жижиг дунд бизнесээ дэмж. 

ШИНЭ МЭДЭЭ