УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
2018.01.22
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн ахмадуудад зориулан амралтын өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг нэг дор, үнэ төлбөргүй хийж эхэллээ. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийг УИХ гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгтэйгээр 2018 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэл зохион явуулж буй юм.

Тэр бүр эмнэлгээр яваад үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй ахмадуудад чиглэсэн энэхүү арга хэмжээг Баянхошууны наймдугаар хорооноос эхлүүлж байна. Тус хорооны тухайд нийт 640 гаруй ахмад настан оршин суудаг аж.

Биднийг 11 цагийн үед “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/ дээр очиход өглөө 9 цагаас эхэлсэн үзлэгт хамрагдахаар нийт 200 орчим хүн бүртгүүлэн, эмч нарт үзүүлэх дугаар авсан тухай сувилагч нь хэллээ. Үүнээс үзэхэд ахмадуудад маш их хэрэгтэй, цаг үеэ олсон үйл ажиллагаа болж буй нь харагдаж байв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас өнөөдөр нарийн мэргэжлийн 6 эмч, лабораторийн 2 эмчийг урьж ажиллуулж байгаа бол ӨЭМТ-ийн 4 эмч, 4 сувилагч мөн иргэдэд үйлчилж байна.

Эдгээр эмч нар ахмадуудад дотор, мэдрэл, нүд, шүд, чих хамар хоолой, зүрхний бичлэг, ЭХО, цус болон шээсний шинжилгээ, B, C вирус илрүүлэх шинжилгээ, ходоодны хеликобактери үзэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Цаашид энэхүү арга хэмжээг СХД-ийн Баянхошуу бүсийн нийт 9 хороонд зохион байгуулах бөгөөд үүнд урьдчилсан байдлаар 2500-2800 ахмадуудыг хамруулахаар төлөвлөжээ. Маргааш тус арга хэмжээг Баянхошуу бүсийн 10 дугаар хорооны ӨЭМТ дээр зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ