Монгол төрийн мэлмий тунгалаг, бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай.
Мэндчилгээ
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд ажиллаж байсан ахмад дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, алба хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийнхэнд шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Түүхийн алтан хуудсыг баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оноо угтаж байна. Улиран одож буй 2017 онд батлан хамгаалах салбарын хувьд "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030", "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр" зэрэг стратегийн урт дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг Засгийн газрын тогтоолоор батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн, Төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц өгсөн жил байлаа.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах чиглэлээр харилцах хамтын ажиллагаанд бодит ахиц гарч, дэлхийн энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Айлчлан ирж буй 2018 он "Монгол Улсын батлан хамгаалах бодлого", Батлан хамгаалахын багц хуулиуд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгүүдэд туссан Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог хуульчлан, дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар улс орны батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэх жил байх болно.
Угтан золгож буй 2018 онд улс орны маань батлан хамгаалах чадавхи улам бэхжиж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол төрийн мэлмий тунгалаг, бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД