Уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн баярын хурал боллоо
2017.12.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн баярын хурал боллоо

Налайхын уурхайг 1922 онд улсын мэдэлд авснаар Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсэн хөгжиж, 95 жилийнхээ ойтой золгож байна. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар болон УИХ-ын гишүүд, салбарын эрдэмтэн мэргэд, үе үеийн уурхайчдын төлөөлөл уригдан оролцож байна.

Хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ зориулж ирсэн үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачид, уригдсан зочдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр “Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна” гэлээ. Мөн уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлага, урамшуулал, даатгалын тогтолцоог бий болгох, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх гэсэн үндсэн таван чиглэлээр ажлаа эхлүүлсэн. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж буй юм.

Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээв. Мөн энэ үеэр салбарын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь асар их өргөжин тэлснийг цөөн тоо баримтаас харж болно. 2017 оны эхний 11 сард 43.5 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 5.2 мян.тн молибдений баяжмал, 19 тн алт, 7 сая баррель газрын тос, 7.3 сая тн төмрийн хүдэр, 3.4 сая тн төмрийн баяжмал, 129 мян.тн хайлуур жонш, 77 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 7 хувь, молибдений баяжмал 14 хувь, төмрийн хүдрийн баяжмал 64 хувь, нүүрс 44 хувь өссөн дүн юм. Мөн улсын төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа нь 2016 оны дүнгээс 2.1 дахин өссөн үзүүлэлт юм.  

Мөн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, 10000 орчим илрэл, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоож, 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд байна.

Салбарын яам 95 жилийн ойн хүрээнд 4 бүсийн чуулга, уулзалт, салбарын “Нээлтэй хаалганы өдөрлөг”, бодлогын зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан нь салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын зорилтоо тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Засгийн газраас уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар ил тод, хариуцлагатай уул уурхайгхөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ