Х.Нямбаатар: Зээлийн хүүг төр тогтоовол эдийн засгийг өвчлүүлнэ
2017.12.27
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: Зээлийн хүүг төр тогтоовол эдийн засгийг өвчлүүлнэ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас Төв банк болон Банкны тухай хуулийн төслийн талаар дараах зүйлийг тодрууллаа

-Төв банк болон банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт өрнөнө. Банкны салбарын эрх зүйн  орчныг шинэчлэх ямар шаардлага байгаа вэ?

-Төв банкны хуулийг өөрчлөх болсон хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэд хэдэн үндсэн чиг үүрэгтэй. Ингэхдээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ерөнхийлөгч нь шийдвэр гаргах үйл явцад илүү эрх мэдэлтэй оролцож байна. Энэ эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хумихаар хуулийн төсөлд тусгажээ.

Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагын зарчмаар төрийн мөнгөний бодлогыг тодорхойлох ёстой хэмээн үзсэн вм. Хэрэв ийм зохицуулалт хийхгүй бол төв банкны үйл ажиллагаа улс төртэй хутгалдаж байна.

Үүнээс гадна Банкны тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байна. Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь арилжааны банкуудыг цэвэр банкны үйл ажиллагааг явуулдаг болгохоор зохицуулсан.  Ийм зохицуулалт хийхгүй бол арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийн  бизнесийн ашигтай салбарт төсөл хөтөлбөр санхүүжүүлэх замаар эргэлдүүлж байна.

Тухайлбал, барилгын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.  Энэ нь эргээд арилжааны банкны үйл ажиллагааг доголдоход хүргэж байна. Иймэрхүү хүндхэн нөхцөл байдалтай байгаа арилжааны банкууд бий.

 Харин арилжааны банкны хүүг төрөөс хатуу тогтоох нь буруу.  Энэ бол эдийн засгий тогтсон дүрэм журмын эсрэг үйл ажиллагаа. Өнөөдөр улстөржилт бүх салбарт нэвчсэн байна. Улстөрчид тогтсон дүрэм, журам, онолоос тэс өөр зүйл ярьдаг болсон. Арилжааны банкны үйл ажиллагаа бол илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, хомсдолтой хэсэг рүү хөрөнгө оруулалт хийх замаар үйл ажиллагааг явуулдаг ёстой. Хэрэв арилжааны банкны хадгаламж болон зээлийн хүүг төр хүчээр тогтоовол эдийн засгийг өвлүүлнэ. Зээлийн хүү зах зээлийн өрсөлдөөний зарчмаар буурах ёстой.  

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай түншилсэн. Тус сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, хоёрдугаар  шатны  санхүүжилтийг олгохоор боллоо. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байх бол?

-Ирэх оны төсвийг батлахдаа эдийн засаг өндөр өсөлттэй байх таамаг дэвшүүлсэн. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд төр бизнесийн орчны үйл ажиллагаанд бага оролцох ёстой. Улстөржилтийг л багасгах хэрэгтэй. Сангийн яам ч төсвийн алдагдлыг буруулахаар төлөвлөж байгаа. Төсвийн алдагдлыг нөхөхөөр авсан өрийн дарамтаас гарахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Монгол улс жилд хоёр их наяд төгрөгийг ээлийн хүүгийн төлбөрт 360 орчим тэрбум төгрөгийг төлж байна. Үүнийг нэн тэргүүнд тэглэх чиглэл баримталж байна.

ШИНЭ МЭДЭЭ