МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2017.12.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.12.19/ хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

2017 оны байдлаар 18 аймаг, хотын 43 сум, дүүргийн 1929.67 га бүхий 143 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан бөгөөд нийт 19 аймаг, нийслэлийн 2 дүүрэг, 82 суманд 580 нөхөрлөл ажиллаж, бичил уурхай эрхлэгч 6055 хүн, хувиараа ашигт малтмал олборлогч 4915 хүн байгаа талаар судалгаа гарчээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Холбогдох төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн 70.9 хувь нь эрэгтэй, бичил уурхайчдын дундаж нас 37.14 байгаа бөгөөд ам бүлийн хувьд дунджаар 4-5 хүнтэй байгаа аж.

Судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын 43.1 хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 12.1 хувь нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байна. Тиймээс цаашид төрийн зүгээс бичил уурхай эрхлэгч иргэдэд ажил, мэргэжлийн өөр төрлийн, богино хугацааны сургалт, давтан сургалт явуулах, дадлагажуулах хугацаанд тэдгээрт түр хугацааны тэтгэлэг олгох, үр дүнг нь харгалзсан санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч хэллээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, бичил уурхай эрхлэгчид хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, олборлосон талбайгаа нөхөн сэргээлгүй орхидог, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажилладаггүйгээс амь насаа алдах явдал гардаг зэрэг сөрөг мэдээлэл дуулдсаар ирсэн. Хэдийгээр эдгээр хүмүүст нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь зүйн хэрэг ч хариуцлагатай болгох талаар ямар арга хэмжээ авч байна вэ хэмээн тодруулсан.

Төсөл санаачлагч болоод ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, 18 аймаг, 43 суманд ажиллаж буй 6000 гаруй иргэн, 500-гаад нөхөрлөл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин тэдгээр хүмүүс, нөхөрлөлийн хажуугаар албан ёсны зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байсаар байгаа гэлээ. Монголын бичил уурхайн нэгдсэн холбоонд бүртгэлгүй, гишүүнчлэлгүй атлаа техник хэрэгсэлтэй хүмүүс хууль бусаар бичил уурхайн олборлолт явуулаад байдаг хэмээн тус холбооны Гүйцэтгэх захирал Д.Баярмаа хэллээ. Ийм хүмүүсийн зарим нь рецедив гэмт хэрэгтнүүд, бөхчүүд, боксчид байдаг гэж тэрбээр тодотгоод тиймээс цаашид албан ёсны бүртгэлтэй, зөвшөөрөлтэй хүмүүсийг үнэмлэхжүүлээд, кодлоод явах нь зүйтэй байгаа гэв.

УИХ-ын гишүүн Х.Баделхан орон нутаг дахь төрийн байгууллагууд бичил уурхай эрхлэгчдийг бүртгэх, аюулгүй байдлыг хангах талаар хэрхэн ажилладаг талаар лавласан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол хамгийн олон гарсан газар нь Налайхын уурхай болохыг тодотгоод 2006-2016 онд тус газарт 300 гаруй удаа осол гарч 125 хүн амиа алдсан гэлээ. 2017 онд л гэхэд 13 хүн амиа алдсан бөгөөд ийм газраас олборлолт хийхийг хүчээр зогсоосон ч иргэдийн амьжиргаа болохоор буцаад л ажиллаад эхэлдэг аж. Тиймээс бичил уурхайн зэрэгцээ ажлын байрыг бий болгож, иргэдийг мэргэшүүлэн шилжүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгаад байгааг тэрбээр онцолсон юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, хөдөө бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийг хаана сургалтад хамруулахыг тодруулсан. Түүнчлэн бичил уурхай эрхлэгчид хэдий хэмжээний газарт нөхөн сэргээлт хийсэн талаар лавлаж байлаа.

Бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлын байр руу шилжүүлэхийн тулд мэргэшүүлэх сургалтад хамруулах асуудлыг судалж үзсэн хэмээн төсөл санаачлагч хариулсан. Энэ арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ хэд хэдэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгчдийн зүгээс мэдэгдээд байгаа бөгөөд улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй хэмээн тооцож байгаа юм байна.

Олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар 2015-2017 онд 247 га-д, бичил уурхай эрхлэгчид дундын сангаасаа санхүүжүүлэн 120 га газарт нөхөн сэргээлт хийсэн аж.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг олон хүний амьжиргааг залгуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр гадны төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр сургалтад хамруулах хүмүүст тэтгэлэг олгоно гэж тогтоолын төсөлд тусгасаныг тодруулахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж, өөр ажлын байр руу шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардлагатай. Энэ чиглэлээр гадны олон оронд хэрэгжүүлсэн олон улсын байгууллагуудын хөтөлбөрүүдийг судалж үзсэн. Тэдгээр байгууллагуудын хуримтлуулсан туршлагыг авч хэрэглэх нь оновчтой байгаа юм. Сургалтад хамруулахад тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог туршлага бий. Гэхдээ үүнийг тэтгэлэг гэж үзэхээсээ илүүтэй тодорхой мэргэшсэн чиглэлээрээ ажиллахад нь тус болох хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл хэмээн тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь судалгаагаар бичил уурхай эрхлэгчдийн хувьд мэргэжлийн боловсролын сургалт их эрэлттэй байгаа нь харагдсан. 2017 онд 85 хүнийг олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар сургаж, 25 хүнд зээл олгосон тоо бий хэмээн хариулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, А.Ундраа, Д.Гантулга нар байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ