МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
2017.12.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.07) Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар оролцов.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, өнгөрсөн намар үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг хөндөж, хөдөлгөөн өрнүүлж, Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг шинэчлэн баталсныг онцлон хэлмээр байна гэв.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа:

-Ирэх 2018-2019 онд Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барьж, хэлэлцэн батлах төлөвтэй байгаа. Тухайлбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг өрнөж, ирэх хаврын чуулган эхлэх үед Засгийн газар өргөн барих чиглэлтэй байгаа гэж С.Чинзориг сайд хэлсэн. Энэ хуулин дээр бидний хувьд санал зөрөлдсөн асуудлууд байгааг хэлье. Иймээс танай байнгын хороо үүнийг анхааралдаа авч ажиллаасай гэж хүсч байна.

Ер нь Хөдөлмөрийн тухай хуулийг батлахаас өмнө өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд нийцүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Тийм ч учраас дээрх хуулийг Улсын Их Хуралд өргөн барьсан нөхцөлд МҮЭ-ийн холбоо танай байнгын хороотой хамтран өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж, ажиллах боломжтойг хэлэх гэсэн юм.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хууль байна. Бид яамны түвшинд ажлын хэсэгт саналаа өгч ажиллаж байгаа. Энэ хуулинд иргэдийн анхаарлыг татдаг тэтгэврийн насны асуудал орсон. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тэтгэвэрт гарах насыг 65 болгосон байгаа. Европын орнуудын жишгээр 65 насанд тэтгэвэрт гарна гэдэг бол өндөр тоо. Цаашид энэ асуудалд та ямар байр суурь баримтлах вэ. Үүнийг анхааралдаа авч үзэх шаардлагатай гэж бодож байна.

Ийм ч учраас манай ҮЭ-ийн холбоо, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороотой хамтран дээрх асуудал болон бусад асуудалд гарц, шийдэл олж, ажиллах шаардлагатай байгааг энэ үеэр онцоллоо.

Мөн Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хариу хэлэхдээ

“Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. Та бүхэнд тодорхой санал, зөвлөмж байвал бичгээр ирүүлээрэй. Тэтгэврийн насыг цаашлуулсан асуудлаар маш их санал, гомдол ирж байгаа. Иймээс өнөөдрийн уулзалтаар яригдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газарт бичиг хүргүүлье. Мөн ирэх 4,5 дугаар сард хамтраад өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулья. Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаас өмнө танай байгууллагын зүгээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хөдөлмөр эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ гэдэг дээр судалгаа явуулж, тайлан гаргахыг хүсье” гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ