МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ё.Баатарбилэг: Утааны эсрэг ТББ-ууд төрийн байгууллуудаасаа илүү ажиллаж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.06/ 14 цаг 26 минутад 52.6хувийн ирцтэй эхэлж, агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тайланг сонсох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийлсэн юм. 

Ё.БААТАРБИЛЭГ: УТААНААС ХАМГААЛАХ БИШ УТААГ БАЙХГҮЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАМААР БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын мэдээлэлд зөвхөн нийслэлийн агаарын бохирдлын асуудал яригдаж байсан. Өмнөх нь өргөдлийн байнгын хороонд тогтоол гарч байхад би хэлж байсан. Орон нутагт, ялангуяа төвлөрсөн газруудад агаарын бохирдол Улаанбаатартай адилхан болсон.

Засгийн газар эсвэл Хотын ажил гэдэг нь тодорхойгүй зүйл ярьж байгаад салах гээд байна.

Өмнөх 1 сарын 3-нд өгсөн 18 зүйлтэй Засгийн газарт өгсөн Байнгын хорооны тогтоолыг харлаа. Хэрэгжилт огт байхгүй байна.

Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж утааны эсрэг хамтдаа тэмцэхийг уриалах гэсэн заалт байна. Тогтоолын энэ заалттай заалтгүй төрийн бус байгууллагууд нь төрийн байгууллагуудаас илүү ажиллаад байна. Утааны эсрэг ээж аавуудын аяныг би мэднэ. Телевиз, радиогоор жагсаал цуглаан зохион байгуулаад, маш идэвхтэй явж байна. Лантуун дохио гэдэг төрийн бус байгууллагын хүн хавраас хойш фэйсбүүкээр ярьсаар байгаад хандиваар тэрбум төгрөг босгоод хүүхдийн асран хамгаалах төв барьж байна.

Гэтэл төр засгийн хийж байгаа ажил нь маск, шүүлтүүр, эсгий бүрээс тараах төдийхнөөр халтуурдсаар байгаад 200 тэрбум төгрөг залгисан байна.

Өнөөдөр ямар арга хэмжээ авч байгааг харахаар утаанаас хамгаалах асуудал л яриад байна. Утааг байхгүй болгох асуудал ярих ёстой. Утаанаас хамгаалах талаар яриад байвал утаагаа нэмээд, хамгаалалтаа ч нэмээд яваад байна. Энэ бол Засгийн газрын ажил биш ч юм шиг болсон. Утаанаас салах асуудал дээр 4 төрлийн шийдэл байдаг.

Нэгдүгээрт, Халаалтын шинэ технологийг оруулж ирэх асуудал дээр түлхүү ажиллах хэрэгтэй.

Хоёрдугаарт, орон сууцжуулах асуудал. Хятадын 2 тэрбумын зээл яригдаж байгаа. Үр дүн гаргах тал дээр анхаарал хандуулаарай.

Гуравдугаарт, төвлөрлийг сааруулах асуудал байна. Их дээд сургуулийг хотоос гаргах тухай би ярьж байсан. Төвлөрлийг сааруулахаас өөр арга байхгүй. Энэ асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, төсөл хөтөлбөрийг судалгаанд суурилж хэрэгжүүлмээр байна. Утааны эсрэг мэргэн санаа гаргаснаа бизнес болгочихдог. Энэ жил НИТХ-ын төсөв дээр “Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулах арга хэмжээ” гээд 1 тэрбум төгрөг тавьсан байна. Юун аз жаргалтай хот вэ? Тэр 1 тэрбум төгрөгөө утааны эсрэг шинэ технологи нэвтрүүлэхэд ашиглах хэрэгтэй. Утааны эсрэг тэмцэж байгаа төрийн бус байгууллагуудад тарааж өг. Тэр байгууллагууд нь утааны эсрэг эрх зүйн акт, тогтоол шийдвэр дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллагууд өөрсдөө тэгж ажиллаж чадахгүй байгаа бол тэр тэрбум төгрөгөө төрийн бус байгууллагуудад өг.

Байнгын хорооны даргад хэлэхэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй нарийн жагсаалтыг байнгын хороон дээрээ татаж аваад гишүүддээ өгөх хэрэгтэй. Үүн дээр тулгуурлаж дараа дараагийн ажлаа төлөвлөх хэрэгтэй. Мөн 1 сарын 3-ны 01 тогтоолын хэрэгжилтийг дахиж хангуулах тал дээр Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ