МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.06
Орон нутгийн хөгжил

С.Чинзориг сайд "Отрын бүс" нутагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. 

Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна. 

Өвөрхангайн сумдын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон борооны араас цас дарсан нь өвөлжилт хүндрэх нэг том шалтгаан болжээ. Зам даваа, өвөлжөө бууц цасанд дарагдаж том оврын туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй тун ч хүнд нөхцөлд орсон сумдынхан өвс бэлчээр гэхээсээ илүүтэй цасны нимгэнийг бараадаж нүүж суухаас аргагүйд хүрсэн байна. Тууврын ая даах бод голдуу малаа аваад гарсан гэх малчидтай замдаа таарсан. Тэд хаана хүрч буухаа мэдэхгүй явна, юутай ч цаснаас гаръя л гэж зорьж явна гэцгээж байв.

Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумынхан хөрш зэргэлдээ Сант, Баянгол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутагт өвөлжиж байгаа бөгөөд Дундговь аймагт л гэхэд эдгээр сумдаас 57 өрхийн 43 мянган мал отроор очсон нь  чамгүй их хүндрэл учруулаад байгаа аж. 

ШИНЭ МЭДЭЭ