2017.11.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг: Ботаникийн цэцэрлэгийн хашаанд цаашдаа газар өгөхгүй гэсэн баталгаа бий юу?

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа.

Б.САРАНЧИМЭГ: БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ СУДЛАГДАХУУН ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХ ТАЛ ДЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИХ ВЭ?

Шинжлэх ухааны зардлын 80 гаруй хувь нь цалин буюу нийгмийн даатгал, шимтгэл, томилолт зэрэг урсгал зардалд, харин 9-10 хувийг эрдэм шинжилгээний зардал, 3-12 хувийг бусад үйл ажиллагааны зардалд зарцуулж байгаа нь харамсалтай байна. Ихэнхи эрдэм шинжилгээний зардлын ажил нь төсвийн бус, гадаад орнуудын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хамтын ажиллагаагаар хэрэгжиж байна гэж асуулгын хариултанд дурдсан байна. Гэтэл гадаад орнуудад эсэргээрээ 20 хувь нь цалинд, 80 хувь нь эрдэм шинжилгээний ажилд зарцуулагдаж байх жишээтэй. Манайх бусад орны шинжлэх ухааны академийн туршлага, менежмент, санхүүжилтийн тогтолцоог судалсан уу?

Шинжлэх ухааны академд харъяалагдах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн талаар тодруулж асуух зүйл байна. Энэ цэцэрлэгт хүрээлэн 1963 оноос Байгалийн ухааны хүрээлэнгийн дотоод бүтцэд явж ирсэн. Монгол орны ургамлын амьд цуглуулга бий болсноос гадна улаан номонд бүртгэгдсэн хэд хэдэн ургамлууд байдаг. Гэтэл нөгөө л санхүүжилтийнхээ дутагдалтай байдлаас шалтгаалж үндсэн үйл ажиллагаа явуулах чадавхи жилээс жилд дордож байна.

Өнөөдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүн очдоггүй байдалд орсон байна.

Энэ хүрээлэнгийн газраас өөр байгууллагуудад өгч барилга барьсан. Энэ хүрээлэн олон улсад бүртгэлтэй, зорилгынхоо хүрээнд л ажил явагдах ёстой байдаг боловч барилга, байгууламжаас болж олон улсаас дэмжлэг авах хэцүү болж байна. Энэ газарт барилга барих нь хууль эрхзүйн хүрээнд нийцэж байгаа эсэх дээр асуулга тавьсан боловч хариу ирээгүй. Цаашдаа газар өгөхгүй гэсэн баталгаа байгаа юу?

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг бие даасан статустай, эрдэм шинжилгээ хүрээлэн зохион байгуулах тал дээр хариу сонсмоор байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА: 

Бодит байдал дээр эрдэм шинжилгээний ажлаа төсвийн бус эсх үүсвэрээр хийдэг. 2018 оноос эхлээд боловсролын яаман дээр хэрэгжиж байгаа гадны тусламжид мониторинг хийхээр ажиллаж байна. Ингэхгүй бол жижиг, том гэхгүй төсөл хэрэгжээд дууссан байхад үр дүн гарахгүй байгаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

Ботаникийн цэцэрлэгийн 32 га-гаас 12 га-д нь Анагаах ухааны их сургуулийн салбарыг барьсан. Уг нь бол 2010 онд 500 сая төгрөгний хөрөнгө оруулалт батлаад Ботаникийн цэцэрлэг дээр хөрөнгө оруулалт хийсэн. Яг тэр хөрөнгө оруулалт хийсэн газарт сургууль барьсан. Үлдсэн 20 га-д явж байгаа хөрөнгө оруулалт байхгүй. Бие даалгах чиглэлээр ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ