40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнууд оролцсон юм.
2017.11.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Төрийн тогтворгүй байдал уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байна гэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх, газрын дарга нар болон салбарын 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах  ажилтнууд оролцсон юм.

Уулзалтыг нээж Д.Сумъяабазар сайд “Салбарын зорилт, бодлогыг хэрэгжүүлэхэд үр ашигтай байх, ялангуяа эрдэс баялгийнхаа үр шимийг компани төдийгүй ард иргэд хүртэж байх зорилгоор ажлын арга барилыг өөрчлөн ажиллах хэрэгтэй байна. Юуны өмнө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэр, техник, технологийн тогтолцоог бий болгох, манай салбар эрсдэлтэй салбар тул даатгалын тогтолцоог хөгжүүлэх, сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн зөв, идэвхтэй үйл ажиллагааг нь дэмжсэн урамшууллын тогтолцоог цаашид хөгжүүлэх нь зүйтэй” гэв.

Холбоодыг төлөөлж Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “Салбарын яам, агентлагт мэргэжлийн хүмүүсийг тогтвор, суурьшилтай ажиллуулах, сүүлийн жилүүдэд цахимаар тусгай зөвшөөрөл олгож байсан нь геологи, уул уурхайн мэргэжлийн компаниудын үйл ажиллагааг хумиж, мэдээллийн компани, мэргэжилтнүүдийн бизнес болсон тухай, уул уурхайн тухай шинэ хуульд гадаад орны нөлөө орохоос сэргийлэх талаар хэлэв.

Түүнчлэн уулзалтад оролцогчдоос геологи, аж үйлдвэр, газрын тос, хийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид үг хэллээ. Эдгээр хүмүүс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д заасан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг мэргэжлийн холбоодод хариуцуулах тухай заалтыг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын ТУЗ-ын бүрэлдэхүүнд  тухайн салбарт мэргэшсэн, мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулан удирдах чадвартай, судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай мэргэжилтнүүдийг оруулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн орон нутгийн ИТХ, Засаг дарга нарын ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбоотой эрх үүргийг илүү оновчтой байдлаар зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар холбоодын төлөөллүүд түлхүү ярилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Өнөөдөр хариуцлагатай уул уурхайн салбар ус агаар шиг хэрэгтэй байна. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг сахилга бат хариуцлага алдагдсан байдлыг цэгцэлье  гэдэг утгаараа түр хойшлуулсан. Тусгай зөвшөөрлийг цаашид нээлттэй ил тод явуулдаг болгох учиртай. Түүнчлэн 21 аймгийн Засаг дарга нартай аймаг бүрийн онцлогт тохирсон гэрээ хийж, улиралд бүр тайлангаа хэлэлцдэг болно. Цаашид орон нутгийн хөгжил, иргэд рүү чиглэсэн төслүүдийг бий болгох хэрэгтэй” хэмээлээ.

 Мөн тэрбээр салбарын сайд геологи, уул уурхай, газрын тос, аж үйлдвэрийн салбарын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон бүхий л асуудлаар мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нарын санал, санаачлагыг байнга нээлттэй байдлаар сонсож, салбарын цаашдын хөгжлийн төлөө хуулийн хүрээнд үр бүтээлтэй, хариуцлагатай хамтран ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ