МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аймаг, нийслэлийн ИТХ-д төрийн албан хаагч сонгогдож болох уу?
2017.11.21
Улстөр

Аймаг, нийслэлийн ИТХ-д төрийн албан хаагч сонгогдож болох уу?

УИХ энэ долоо хоногт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Хуулийн төслийг 2017 оны 1 сарын 02-нд Засгийн газраас өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэхийг хэлэлцэх асуудлаар Ардчилсан нам завсарлага аваад байсан юм.

Уг хуулиар аймаг, нийслэлийн ИТХ-ын гуравны нэг нь төрийн албан хаагч байж болно гэсэн өөрчлөлтийг оруулж байгаа юм.

Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтэцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоодог. Тодруулбал, Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан байна.

Хууль санаачлагч Засгийн газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна.  Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзжээ.

Хуулийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төрийн албаны ажилтан ИТХ-д орох нь зөв, буруу талаар байр сууриа илэрхийлсэн. ИТХ-д төрийн албаны ажилтан орж ажиллах нь нутгийн өөрөө удирдах зарчим алдагдана гэж зарим гишүүд үзэж байсан бол төрийн албаны ажилтан орж ажиллах боломжийг бүрдүүлэхгүй бол ИТХ-ын төлөөлөгчдийн чадвар дутмаг байна гэсэн байр суурьтай байсан юм.

Ц.Даваасүрэн: Нарийвчилж харвал хөдөө, орон нутагт давхар дээлийг дэлгэрүүлэх гэж байна гэж ойлгогдохоор байна. Гүйцэтгэх засаглалд ажиллаж буй албан тушаалтан төлөөллийнхөө байгууллагад олонх болсон тохиолдолд төрийн албанаас авч хаях тухай асуудал урган гарсан байдаг. Тэгвэл одоо нэг талаараа ухралт хийх гээд байх шиг. Нөгөө талаас хөдөө, орон нутгийн ИТХ-д төрийн албан хаагч нэр дэвшихгүй гэхээр төрийн алба хүчгүйдлээ. Бизнес эрхлэгчид төлөөллийн байгууллагыг бүрдүүлдэг боллоо гэсэн шүүмжлэл дагуулж болзошгүй юм. Энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад бодолцоно биз.

Б.Пүрэвдорж: Энэ хуулиар гол нь давхар дээлийн асуудал яригдаж байгаа. Уг нь МАН сөрөг хүчин байхдаа УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлийг оруулж ирэх хууль санаачилж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ, сумын ИТХ, дүүргийн ИТХ-д ажиллаж байга иргэдийн төлөөлөгчдийн 1/3 нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор хуулийн заалт оруулж ирсэн. Ингэснээр төрийн бүх шатанд давхар дээлтэй болно гэсэн үг. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа.

С.Чинзориг: Өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж оруулж ирж байгааг дэмжиж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдэг бол иргэдийн оролцоотойгоор тухайн орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг тодорхойлж, шийдэл гаргаж, Засаг даргаараа гүйцэтгүүлэх эрх, үүрэгтэй байгууллага юм. Өнөөдөр сум орон нутагтаа жижиг бизнес эрхэлж буй эсвэл малчин хүн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд өрсөлддөг нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас төрийн захиргааны албан хаагчид ИТХ-ын төлөөлөгч болдог байх нь зүйтэй болов уу.

Ё.Баатарбилэг: Орон нутгийн ИТХ-д нам, улстөрийн хүчнүүд тухайн аймаг, сумын хамгийн мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадахуйц хүмүүсээ нэр дэвшүүлдэг. Ингээд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс эргээд төрийн захиргааны албанд ажиллах боломжгүй болдог. Үүний улмаас орон нутгийн төрийн байгууллагад мэдлэг, туршлага харьцангуй бага хүмүүс ажиллах нь бий. Тиймээс уг хуулийн төсөлд туссаны дагуу ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох боломжийг нээж өгөхгүй юм бол төрийн алба цалгарддаг байдал удаан үргэлжилсэн учраас энэ бүхнийг таслан зогсоох үүднээс хуулийн төслийг батлах нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ