Д.Сумъяабазар: Нүүрсний БОГИНЫН тээврийг худалдаанд ашиглана, эдийн засгийн үр дүнтэй
2017.11.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Нүүрсний БОГИНЫН тээврийг худалдаанд ашиглана, эдийн засгийн үр дүнтэй

УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Та өнгөрсөн амралтын өдрүүдэд уул уухайн говийн бүсийн чуулга уулзалтад оролцохоос гадна олны анхаарлыг ихээр татаж буй "охигдсон" жолооч, тээвэрчидтэй уулзсан. Тэрхүү уулзалтаас иргэдэд нааштай шийдвэр гарах байх гэсэн хүлээлт бий. Тэр утгаараа та Засгийн газрын хуралдаанд танилцуулах байх?

-Энержи ресурс, Эрдэнэс Монгол, орон нутгийн таван толгойн уурхайн компанийн удирдлагууд болон тэдний тээвэрлэлтийг хийж буй аж ахуйн нэгжийнхээ, Цагаан хадны орчимд тээвэр хийж байгаа, цуваа үүссэн хэсэгт буй жолооч нар, тэндэхийн иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан, санал бодлыг нь сонссон.

Ажилласан байдлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дээрх үүссэн нөхцөл байдлаас гарах ганц л арга зам байгаа. Энэ нь уртын уртын тээврийг түр зогсоогоод, Цагаан хад хүртэл уртын тээвэр хийгээд, Цагаан хадны гаалийн хяналтын ажиллагааг идэвхжүүлж, экспортын тээврийг нэмэгдүүлье гэдэг саналыг оруулна.

Эдийн засгийн үр ашиг талаасаа ч 14 хоногийн хугацаанд тээвэр хийгээд, нэг удаа гарах, богинын тээвэр хийгээд багадаа хоёр тээвэр хийх нь ялгаатай. Тээвэрлэлт хийж буй Монгол аж ахуйн нэгжүүдийн хувьд сардаа нэг удаа тээвэр хийгээд 1.500.000 төгрөг авч байсан бол хоёр удаа Цагаан хад хүртэл хоёр удаа уртын тээвэр хийгээд 3.000.000 орчим сая төгрөг авдаг байх тооцооллыг ч бид хийх ёстой гэж бодож байна.

Цаашдаа богинын тээвэр хийхдээ зөвхөн 65 тонноор хязгаарлахгүй 30 км шороон замаар 110-120 тонныг ачаад нүүрсээ гаргах боломжийг харах ёстой.

Ингэснээр үлдсэн хугацаанд эдийн засагт 65 сая ам.долларын борлуулалтын орлогыг улсын төсөвт оруулах боломж байгааг тооцоолж үзсэн. Урт дарааллыг багасгах нь Засгийн газраас хөрөнгө шаардахгүй.

Ердөө л зохион байгуулалтын асуудал байгаа юм. Авто тээврийн үндэсний төв дээр С ангиллын тээвэрлэлтийн зөвшөөрлийг олгохдоо нийгмиийн даатгалаа төлдөг, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулах эрх авсан аж ахуйн нэгжүүдэд олгодог байхаар шаардлагуудаа өндөрсгөх хэрэгтэй юм байна. Зам тээврийн хөгжлийн сайд сая хамт явсан. Асуудлыг эргэж харж, зөвшөөрөл олголт зэрэгтэй танилцаж, ажиллах болов уу.

-Засгийн газарт танилцуулаад Цагаан хадны боомтыг нээхэд хэр хугацаа шаардах вэ?

-Засгийн газрын хуралдаанаар танилцуулгаа бэлдээд танилцуулна. Ойрын үед шийдвэр нь гарчих байх гэж бодож байгаа. Хүний амь нас юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Тиймээс долоо хоногийн дотор зохицуулагдана гэж бодож байна.

-Тэгэхээр явсан ажил бүтэмжтэй гэж ойлгож болох нь. Харин Цагаан хад тойрсон асуудал энэ хэвээр шийдвэрлэгдэх үү, эсвэл хяналттай байх юм болов уу?

-Дээрх арга хэмжээнүүд жилийн дөрвөн улиралд үргэлжлэхгүй. Тодруулбал өнөөдөр 11 дүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 1-ний хугацаанд уртын тээвэр буюу Цагаан хад хүртэл, цаашдаа богинын тээврийг худалдаанд ашиглана.

Өмнө нь өдөрт хилээр 1200-1600 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан гэж байгаа. Бид ч ойрын хугацаанд БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын комисс хүрээнд ярилцаж, хилийн нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж 1000-1200, 1200-1400 болгох асуудлыг тодорхой хугацааны дараа шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Орон нутагт ажиллах явцад уурхайн компани, ордуудын хамгийн том бэрхшээл нь юу?

-Нүүрсний үнэ өссөн энэ үед компаниуд аль болох борлуулалтаа нэмэх нь зүй ёсны асуудал. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нүүрсийг баяжуулах үйлдвэрийг зайлшгүй “Эрдэнэс Таван Толгой” компанид барих ёстой юм байна.

Ер нь Таван Толгойн бүлэг орд 7.5 тэрбум тонны нөөцтэй гэсэн тооцоо гарсан. Энэ том ордыг үр ашигтай байдлаар ашиглах хамгийн гол зүйл нь нүүрсийг баяжуулах үйлдвэр юм.

Өмнөх Засгийн газрууд Таван Толгойн бүлэг орд дээр дулааны цахилгаан станц барина гэж ярьж байсан. Усны асуудлаа яаралтай шийдэж байж том бүтээн байгуулалт буюу эрчим хүчний үйлдвэр, хүнд үйлдвэрлэл цааш явах юм. Олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэр барихад нэгдүгээрт цэвэр усны асуудал тулгамдаж байна.

Ер нь бид гүний усаа хэрэглээд дуусах уу, аль эсвэл урсац сайтай Хэрлэн голыг нааш нь татах уу гэсэн аргачлалуудыг маш сайн судалсны үндсэн дээр шийдэхгүй бол томоохон төслүүд маань саадтай тулгарах одоод байна.

Мөн Өмнөговьд боомт, гаалийн удирдлага ажилчидтай очиж уулзахад хэрэглээний усыг тодорхой хэмжээнд зохицуулж байгаа ч гэсэн ундны усаа зохицуулж чадахгүй байна. Уух ундны усаа Цагаан хаднаас аль эсвэл Даланзадгадаас зөөж төрийн албыг залгуулж байна. Тэгэхээр говийн бүсэд тулгамдаад буй хамгийн том бэрхшээл нь цэвэр ус гэдэг нь

-Цэвэр уснаас гадна энгийн хэрэгцээ болсон цахилгааны асуудал нь хэр байна вэ?

-Усны асуудлыг шийдчихвэл цахилгаан станцаа барьчихна. Таван толгойн энэ том орд дээр нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүр буюу дулааны эрчим хүчний цахилгаан станц барьчихвал Өмнөговь гэлтгүй говийн бүс нутаг, цаашлаад төвийн эрчим хүчний сүлжээнд холбоод баруун бүс рүү эрчим хүч нийлүүлэх гол суурь бий болох боломжтой гэж харж байгаа. 15-35 сая тонны баяжуулах үйлдвэр барих гэхээр тэр хэмжээний усан хангамж зайлшгүй шаардлагатай.

Иргэдтэй уулзахад хэрэглээний болон ундны усны ундарга нь ширгэж, байхгүй болоод байна гэсэн шүүмжлэлүүд их гарч байна. Энэ болгоныг бодож үзээд “Хэрлэн Говь” төслийг хэрэгжүүлэхгүй бол том төслүүд маань саадтай учирна гэж бодож байгаа. Мэдээж хөрөнгө, санхүү байвал болохгүй зүйл байхгүй.

800-900 сая ам.долларын үүсвэртэй байж хэрэглээ, үйлдвэрлэл, ундны усаа зохицуулах юм байна гэж тооцож байгаа.

-Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж хил, гаалийн нэвтрүүлэх чадамжийг дээшлүүлэхэд хамгийн гол зүйл нь төмөр зам. Бид цаашид төмөр замын асуудлаа шийдэхгүй бол уул уурхай эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдийн маань өрсөлдөх чадвар нэмэгдэхгүй.

Жишээ нь, жилийн өмнө 80 юань байсан тээврийн зардал одоо 25 юань болсон. Тээврийн зардал нэмэгдсэнээр манай улсад орж ирэх валют тэр хэмжээгээр багасч байгаа юм. Төмөр замын асуудал дээр манай Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Тээвэрлэлтийн асуудлаас гадна нүүрсний нийт хэмжээг яг хэдэн хувиар нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоогийн байдлаар таван толгойн нүүрсний экспортын хэмжээ 7.7 сая тонныг гаргаад байгаа.

Төлөвлөгөөгөөр 11-12 сая тонн. Улсын хэмжээнд энэ жил 28 сая тонныг экспортолно гэсэн тооцоо бий. Энэ төлөвлөгөөг 120-130 хувиар биелүүлнэ гэсэн тооцоолол бий.

Энэ сарын нэгний өдрийн байдлаар 26.1 сая тонн нүүрс гаргасан гэсэн статистик мэдээг гаалийн газраас өгсөн.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод тооцоо хийхэд 27.5„ тонноор авч байсан. Бага зэрэг зөрүү байгаа. Яагаад гэвэл валютын сан бага зэрэг эрсдэлээ тооцоод 27.5 сая тонн гэсэн тооцоог өгсөн байсан. Ер нь 2017 оны улсын төсвийг давуулан биелүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа "Эрдэнэс Таван толгой" компанийн нүүрсний борлуулалт их сайн байна. 

Сэтгүүлч Ж.Нарангэрэл

ШИНЭ МЭДЭЭ