БНЭУ-ын элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.11.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

БНЭУ-ын элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар өнөөдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабу болон тус улсын Гадаад хэргийн яамны Дэд бүтэц хариуцсан зөвлөх Панкаж Кумар Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Манай улсын газрын тосны салбарт томоохон бүтээн байгуулалт хийх төслийн асуудлаар зорин ирсэнд сайд Д.Сумъяабазар талархлаа илэрхийлээд, бид бүхний зорьж буй хамтын ажил амжилттай хэрэгжиж, Монгол Улсад хөгжил авч ирнэ гэдэгт итгэж буйгаа хэлсэн юм.

Элчин сайд Суреш Бабу “Энэтхэг бол Монгол Улсын хувьд найдвартай стратегийн түнш улс. Тиймээс 2015 оны 5 дугаар сард БНЭУ-ын Ерөнхий сайд түүхэн айлчлал хийх үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл олгохоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж танай яамтай цаашид ойр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Улзалтын үеэр ноён Панкаж Кумар Сингх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар Энэтхэгийн ЭКСИМ банк зэрэг холбогдох төлөөллийн хамт Монголд хоёр өдрийн айлчлал хийж буйгаа хэллээ.

Мөн тэрбээр “Энэтхэг улс Монгол Улстай нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаа нь бусад улстай өмнө нь хийж байгаагүй их хэмжээний мөнгөн дүнтэй хэлэлцээр юм. Тиймээс манай улсын зүгээс энэхүү хэлэлцээрт ихээхэн анхаарал хандуулж, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Миний хувьд хоёр өдрийн доторх Монгол дахь айлчлалын үеэрээ энэхүү төсөлтэй холбоотой шийдвэр гаргах хүмүүстэй уулзах зорилготой ирсэн. Төсөл маань ямар нэгэн саадгүй урагшилна гэж найдаж байна” гэлээ.

Өдгөө газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахаар ажиллаж байгаа.

Сайд Д.Сумъяабазар “Та бүхэн богино хугацаанд шуурхай ажиллахаар төлөвлөж байгаад бид баяртай байна. Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр цаг хугацаандаа явах ёстой гэж үзэж байна. Тиймээс манай яам төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн. Төслийг гүйцэтгэхтэй холбоотойгоор гарах санхүүжилтийг ЭКСИМ банк хөнгөлөлттэй зээлээсээ санхүүжүүлэх, төслийн менежментийн зөвлөхийг сонгон шалгаруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг ойрын хугацаанд эхлүүлэх, үйлдвэрийн цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс үйлдвэрт ажиллах мэргэжлийн боловсон хүчинг үе шаттайгаар бэлтгэх зэрэг ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай байна” хэмээн саналаа уламжилсан.

Уулзалтын төгсгөлд сайд Д.Сумъяабазар “Монголд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг болон цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Стратегийн онцгой ач холбогдолтой төслүүдийн нэг тул бид маш анхааралтай хамтарч ажиллах болно. Манай зүгээс шаардлагатай зүйлсийг цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллана. Бид бүхний хамтын ажиллагаа үр өгөөжөө өгсөн, хоёр улсын хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэнэ гэж найдаж байна. Энэ бүхэн та бидний хамтын ажиллагаанаас шалтгаална” хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ