Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017.11.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.07/ Канад улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Дэвид Спрул “Канад улс Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагчид тооцогддог. Манай хөрөнгө оруулагчдын зүгээс танай улсаас тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсч байна” гэлээ. Мөн тэрбээр УУХҮЯ, БОАЖ-ын яамтай уул уурхайн удирдлага менежментийг сайжруулах, ил тод үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах гурван томоохон төсөл боловсруулсан талаар дуулгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай Засгийн газрын зүгээс хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтээ сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад улсыг гэж би боддог. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараа дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхамуудыг тавина. “Аивенхоу Майнз”,  “Эрдэнэ ресурс” цаашлаад  “Центерра гоулд”-ын төсөл дээр Засгийн газрын зүгээс болон яамны зүгээс анхаарч ажиллана” гэв.

Түүнчлэн өнгөрсөн жилийн гуравдугаар сард зохион байгуулагдсан Канадын хайгуулч, олборлогчдын холбооны /PDAC/-ын чуулга уулзалтын үеэр манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой олон аж ахуйн нэгж байсанд сэтгэл өндөр байна. Мөн энэхүү чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь”  сэдвээр форумыг дахин ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн.

Сайд Д.Сумъяабазар Канад улстай уул уурхайн тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм.

ШИНЭ МЭДЭЭ