МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.11.02
Улстөр

М.Оюунчимэг: Оюу-Толгойн гэрээг шүүмжлээд байдаг гишүүд засч, залруулах тал дээр юу ч хийдэггүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.

М.ОЮУНЧИМЭГ: ЕРӨНХИЙЛӨГЧ ДУРТАЙ ХҮН ДЭЭРЭЭ ХОРИГ ТАВИАД БАЙВАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БҮР Ч АЛДАГДАНА

Бид ард түмнээсээ ичих хэрэгтэй. 2018 оноо төлөвлөөд сууж байх ёстой хууль тогтоох дээд байгууллага ийм байдалтай сууж байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад хадаж хэлэхэд 30 гэр бүл гэсэн тоог хаанаасаа яаж гаргаж ирээд байна вэ? Яагаад ийм тоонуудыг хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ?

Ингэж нэгнээ намнах хэлбэрээр албан тушаалын төлөө явж болохгүй. Энэ асуудалд Ц.Нямдорж сайд эцсийн цэг тавиасай. Бид Монголбанкыг шалгаж, бүх асуулыг нь гаргаж ирсэн боловч одоо чимээгүй болчихлоо. Ш.Раднаасэд дарга тэр утгаар л хэлж байсан. Хэдэн зуугаар нь идэж уугаад, гадаадад явсан хүмүүст хариуцлагыг тооцдоггүй юм бэ гэсэн байр суурьтай байсан.

Нөгөө талаар Оюу-Толгойгоор улс төр хийгээд байдаг боловч үйл ажиллагаа огт хийдэггүй хүмүүс байна. Хууль санаачлаад Оюу-Толгойн гэрээний алдаа дутгадлыг нь засаад, ярьж байгаагаа үйлдэл болгох тал дээр юу хийснийг би олж хараагүй.

Асуудлын гол нь Сангийн сайддаа ч биш, улстөрийн л зөрчил яваад байна.

Ерөнхийлөгч дуртай хүн дээрээ хориг тавиад байдаг юм бол Засгийн газрын тогтвортой байдал бүр ч нур унана. Иймэрхүү байдлаар явбал Монгол Улсын дархлаа бүр муудна.

ШИНЭ МЭДЭЭ