МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АБГББХ хуралдаж, Засгийн газрын гишүүдийг дэмжлээ
2017.10.17
Улстөр

АБГББХ хуралдаж, Засгийн газрын гишүүдийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 14 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжсэн юм.

Дараа нь Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Оюундарь нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Үүгээр Байнгын хороодын хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын гишүүдийг томилуулах Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

ШИНЭ МЭДЭЭ