МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болов
2017.09.26
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болов

Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Олон нийтэд зориулсан үзэсгэлэнгийн өдрүүдийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Япон улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч Д.Батжаргал нараар ахлуулсан албаны төлөөлөл оролцов.

Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна.

Үүнээс БНХАУ-д 2.497.700, ОХУ-д 84.631, Монгол Улсад 19.985 Япон жуулчид зорчсон байна. Монгол Улсад ирж буй жуулчдын статистик үзүүлэлтийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-ын жуулчид тэргүүлдэг. Япон жуулчид дунджаар хоёр жилд 3-с илүү аялан, нэг аялалд 1000–2000 ам.доллар зарцуулж, 2-3 одтой буудалд буудалладаг ба аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, үнэ чанарын нийцэл, дэлгүүр хэсэх мөн алхаж аялахыг чухалчилдаг байна.

Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын манай улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор анх удаа нийслэлийн Аялал жуулчлалын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар БОАЖЯ, “МИАТ” ХК, “Бирга Тур” ХХК, “Цэцэг зочид буудал”, “Говь Тур” ХХК, “Айрис Турс” ХХК, “Жигүүр” ХХК, “Жуулчин” ХХК, “Летс Трэвел” ХХК, “Номадик Туризм” аялал жуулчлалын агентлаг, “Ялгуун брэндтэй” хамтран эх орноо сурталчлан тус үзэсгэлэнд оролцлоо.

Монголын талын зохион байгуулагчид Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг үндэсний уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулсан.

Дэлхийн 150 орны аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн тохижилт онцгойрч олон орны жуулчдыг татаж байлаа. Түүнчлэн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид есдүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлан үндэсний урлагийн концертыг дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас  мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ