Эмнести Интернэшнлийн Даян дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал ноён Минар Пимпл, Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин нар
2017.09.25
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Дахин төлөвлөлт иргэдийн эрхэнд халдаж байна гэв

Эмнести Интернэшнлийн Даян дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал ноён Минар Пимпл, Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин нар энэ сарын 20-22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.

 Ноён Минар Пимпл, Николас Бекүйлин 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00-17:00 цагт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимд “Эрхээ хэрхэн хамгалаах вэ?” сэдэвтэй туршлага солилцох уулзалт, сургалтад оролцоно.

Тус уулзалтад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Жанжины бүлэг” ТББ, 13 дугаар хороо “BCKC” ХХК-ийн төсөл хэрэгжүүлж байгаа талбарын иргэд, мөн “Газрын эзэн баян зүрх” нөхөрлөл, “Бүрд констракшин” ХХК-ийн төслийн талбарын иргэд, 19 дугаар хорооны “Цайз хотхон”-ны иргэд, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэд, Баянгол дүүргийн Гандангийн дахин төлөвлөлтийн иргэд, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөллийн байгууллагууд зэрэг олон газрын төлөөллүүд оролцож өөр хоорондоо туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо чухал болох, Азийн орнуудад ямар стандарт барьж ажилладаг талаар иргэдэд мэдээлэл өгөх, энэ чиглэлээр Улаанбаатар хотод байгаа сайн жишээ, туршлагуудын талаар хэлэлцэнэ.

Улаанбаатар хотыг дахин төлөвлөх одоогийн төлөвлөгөө нь нийслэлийн 1,3 сая хүн амын ойролцоогоор 9 хувь нь амьдардаг гэр хорооллын 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд хотын нутаг дэвсгэрийн 14-15 хувь буюу 1500 га газарт хэрэгжиж байна. Энэхүү төсөл хөтөлбөр нь иргэдийг тохилог орон сууцаар хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой. Түүнчлэн газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын айлуудыг ус дулааны нэгдсэн шугаманд холбогдсон орон сууцаар хангах замаар агаарын, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн болно.

Гэвч газар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй иргэдийг дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй үлдээснээр хүний эрхийн талаарх олон улсын хэм хэмжээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх нэг шалтгаан болж байна.

Хүн амынхаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар энэ эрхийг зөрчих аливаа үйлдлээс зайлсхийх, зогсоохоос гадна, уг эрхийг хашаа, байр түрээслүүлэгч, хувийн барилгын компани зэрэг гуравдагч этгээд зөрчихөөс иргэдээ хамгаалах ёстой юм.

Тиймээс хот дахин төлөвлөлтийн шаардлагад бүрэн нийцсэн, тодорхой төрийн зохицуулалт, үр дүнтэй зөвшилцөх явц байхгүй, хэрэгжилтэд нь хяналт тавиагүйгээс дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүрч байна гэж Эмнести Интернэшнл үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ