Экспортыг дэмжих зээлийн шинэ эх үүсвэр
2017.09.18
Эдийн засаг, Худалдаа

Экспортыг дэмжих зээлийн шинэ эх үүсвэр

Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Vip76.mn сайтаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд батлагдсан хуулиудыг цуврал болгон танилцуулж  байна.  

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

Уг хуулийг 2016 оны 6 сарын 27-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн барьж, 2016 оны 11 сарын 24-ний өдөр УИХ-аар баталжээ.

“Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлж, гадаад зах дээлд нувтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Уул уурхайн бус салбар гэдэгт жижиг, дунд үйлдвэрийн салбаруудыг хамруулж байна.

Зээлийн хэмжээ: 20 сая ам.доллар
Хүү /жилийн/: 1.25%
Хугацаа: 25 жил

Энэхүү төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1,25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн үүсвэрээр төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх юм.

УИХ-ын ээлжит чуулганаар буюу хэлэлцүүлгийн шатанд уг хуулийн талаар гишүүд ийнхүү байр суурьтай байжээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг сааруулж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байна. Тиймээс “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгож, туршлага судлах өргөн боломжтой байна. Үүнийг дагаад экспортын даатгал зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох үүд хаалга нээгдлээ. Хөдөө аж ахуйн давхар даатгалын хувьцаат компани, даатгалын хувийн компаниуд болон ЖДҮ эрхлэгчдэд зориулсан уг төсөл нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт чухал түлхэц болно

УИХ-ын гишүүн Х.Баделхан

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар экспортыг дэмжиж, хямралаас гарах боломжтой учир энэ зээлийг авах нь Монгол Улсад ашигтай. Нийтдээ 20 сая ам.долларыг жилийн 1,25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай авна. Харин өмнө нь авсан зээл зөвлөх үйлчилгээнд зарцуулагдаж, зорилтот салбартаа хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Тиймээс төслөө хэрэгжүүлэхээс өмнө зардлаа сайн урьдчилан тооцох нь зөв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед экспортыг дэмжих зээлийн эх үүсвэр бидэнд маш их хэрэгтэй. Харин экспортын зээлийн даатгал, худалдааны санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь зөв. ААН-үүдийн худалдааны эргэлтийг сайжруулахад энэ хэлэлцээр тун хэрэгтэй байгаа учраас яаралтай батлахыг хүсье. Хэлэцээрийг соёрхон баталснаар Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн дэргэд Экспортын даатгалын охин компани байгуулах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ