Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга нь чухал уу, хэн батлах чухал уу?
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй эсэх талаар хэдэн парламент дамжин мэтгэлцэж байгаа ч дорвитой шийдвэрт хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн.
МАН УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсныхаа хүчинд энэ асуудлаар хүчтэй дуугарах болж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 5 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олон нийтийн дунд эрчимтэй хэлэлцүүлж эхлээд байна.
Улс төрийн хүрээнд өрнөж буй халуухан сэдвийн нэгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэрлэж болно. Гэхдээ хоёр намын гишүүдийн үзэл бодол, байр суурийг сонсоход Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах, хэн батлах уу хоёрын аль нь чухал болоход эргэлзэхэд хүрлээ. Тиймээс энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой "гол тоглогчид"-ын байр суурийг хүргэе.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиа бид хамгаалах ёстой
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан
Бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бид бүгдээрээ хамгаалах ёстой. Яаж хамгаалах вэ гэхээр боловсронгуй болгож байж насыг нь уртасгах учиртай юм. Харин үндсэн суурь зарчмууд өөрчлөлт оруулж хэрхэвч болохгүй. МАН УИХ-д 65 суудалтай байлаа гээд шууд өөрчилчихгүй гэж бодож байна. Үндсэн хуулийг өөрчлөх ямар обьект, субьект хүчин зүйл байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн том баримт бичиг.
Д.Эрдэнэбат: Болгоомжтой хандах хэрэгтэй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-ын санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зайлшгүй. Ганцхан нэмэлт өөрчлөлтөөр далимдуулаад сөрөг үр дагавар нийгэмд үүсэхээс бид болгоомжлох ёстой юм. Тиймээс маш зөв алхах ёстой. Санаатай, санамсаргүй гуйвуулах нөхцөл үүсч болзошгүй. Өөрөөр хэлбэл гаднаас ч гуйвуулж мэдэх юм. Үүнийг заавал тооцох хэрэгтэй. Хэн нэгнийг өдөөн турхирах, санхүүжүүлэхэд чиглүүлж болохгүй.
Н.Энхболд: Цөөн хэдэн хүн өөрчлөхгүй
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, олон нийтийн хэлэлцүүлгийн зохион байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд
Улс орны нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг бөгөөд төслийг маш нухацтай хэлэлцэх нь зүйтэй талаар саналуудаа хэлж байгаа юм. энэ удаад Үндсэн хуулийн зөвхөн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Бусдын эрх чөлөөг хязгаарласан, улс төрийн намын эрхийг хааж боосон, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумихад чиглэсэн заалт зохицуулалт байхгүй. Нөгөө талаар цөөн хэдэн хүний хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн яриа бас байна. Тийм зүйл ч байхгүй.
С.Эрдэнэ: Болж бүтэхгүй хүмүүсээр гар хүргүүлэхийг зөвшөөрөхгүй
АН-ын дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-ын санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэ
Эрх баригчид үнэхээр л Эцэг хуульдаа зөв зүйтэй өөрчлөлт оруулах гэж байгаа бол өндөр ёс суртахуунтай, ажил мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ ажилуулах хэрэгтэй. Оффшор данстнуудыг өмгөөлж хаацайлсан, төрийн албаа 60 тэрбумаар арилжаалсан, элдэв янзын болж бүтэхгүй хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр Үндсэн хуульд гар хүргүүлэхийг Ардчилсан нам зөвшөөрөхгүй.
Г.Занданшатар: Төр шиг төр байхын тулд өөрчлөлт хийх ёстой
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө явагдсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцогчдоос дэмжсэн багц сэдвийн хүрээний асуудал. Тиймээс төрөө жинхэнэ төр шиг болгох үүднээс маш их судалгаа, дүгнэлт, үндэслэл шаардлагын дагуу энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна.
Л.Болд: МАН-ын өөрчлөлт нийгмийг бүхэлд нь үймрүүлнэ
УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-ын санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Л.Болд
Эрх баригчид их том эрсдэл дагуулж байна. Онолын хувьд олонхоороо Үндсэн хууль руу халдах бололцоотой мэт харагдавч тийм бололцоо байхгүй. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард түмэн, сөрөг хүчний байр суурь маш чухал. Аль нэг салбарыг зохицуулж байгаа биш Монгол Улсын Үндсэн хууль учраас улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд гээд бүх оролцогчдын байр суурь чухал. Тиймээс МАН-ын яриад байгаа өөрчлөлт нийгмийг бүхэлд нь үймүүлж дахиад тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох зүйл рүү турхирсан алхам болно.